logo
Украины хямралын асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв

Украины хямралын асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв

2015/09/18

ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн 2015 оны намрын хуралд оролцсон Украины төлөөлөгчид өчигдөр улс оронд нь болж буй хямралын асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблей дахь Украины төлөөлөгчдийн тэргүүн Артур Герасимов хэвлэлийн бага хурлыг нээж үг хэлэхдээ:

-Бид Монгол оронд болж буй үйл ажиллагаа, Украинд өрнөж буй үйл явдалтай холбоотойгоор та бүхэнтэй санал бодлоо хуваалцахаар ирсэн. Монгол Улсад биднийг найрсаг, зочломтгой хүлээн авч байгаад туйлын баяртай байна. Мөн энэ боломжийг ашиглаад Монгол Улсын Их Хурал болон Монгол-Украины Парламентын бүлгийн дарга, ноён Г.Батхүүд онцгойлон талархлаа илэрхийлье гэлээ.

Ноён А.Герасимов цааш нь ярихдаа:

-Оросын зүгээс Украин улсад түрэмгийлсэн явдал нь ЕАБХАБ-ын хувьд төдийгүй энэ байгууллагын Парламентын Ассамблейн хүрээнд 2014 оноос яригдаж буй гол сэдэв болсон. Яагаад гэвэл Орос болон Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчид манай улс орны салшгүй бүрэлдэхүүн хэсэг болсон Крымыг булаан эзэлсний дээр зүүн хэсгийг эзлэх оролдлого хийж байгаа нь зөвхөн Украины хуулийг зөрчсөн төдийгүй олон улсын хэм хэмжээг зөрчсөн явдал юм.

Украинд маш олон хүн амь насаа алдаж байна. Энэ дайныг зогсоохын тулд бид асуудлыг шийдвэрлэх цорын ганц арга хэрэгсэл болох Минскийн тохиролцоог хэрэгжүүлж байгаа. Энэхүү тогтолцоог Украин улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг хамгаалах арга зам гэж бид үзэж байна. Энэ тохиролцоог хэрэгжүүлэхийн төлөө Украин улс бүхий л хүчин чадлаараа ажиллаж байхад Оросын талаас харамсалтай нь тэгэхгүй, өөрийн зэвсэг болон цэргүүдийг Украины нутагт байлгасаар байна. Хэдийгээр Оросын тал манай нутаг дэвсгэрт цэрэг зэвсгээ байрлуулаагүй гэдэг ч үүнийг нотлох маш олон баримт байгаа. Эдгээр баримтыг энгийн иргэд ч өгч байгаа, манай тусгай ажиглагчид ч харж байна, мөн олон улсын хамтын нийгэмлэг, олон улсын байгууллагуудын зүгээс ч ийм баримтуудыг гарган ирж байгаа. Тиймээс энэ үнэн бодит баримт материалуудыг бид сэтгүүлчидтэй болон хүссэн, сонирхсон бүх хүнтэй хуваалцахад бэлэн байна.

Асуудлын гол нь юундаа байна вэ гэхээр, Украины нутаг дэвсгэрт байгаа тэр зэвсгүүд бол зөвхөн Оросын зэвсэг гэдэг нь тодорхой, Орост хамгийн сүүлд үйлдвэрлэсэн, өөр аль ч оронд албан ёсоор худалдаж байгаагүй тийм зэвсгүүд байгаа. Тиймээс Орос улсыг түрэмгийлэгч гэдэг утгаар нь хориг арга хэмжээ авах нь чухал байгаа юм гэлээ.

Ноён Артур Герасимовын дараа Украины Парламентын гишүүн Игорь Попов ОХУ-ын эсрэг авсан эдийн засгийн хоригийн асуудлыг хөндөж ярихдаа:

-Оросын зарим команиудын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийн тухай ярья. Бидний зүгээс олон улсын хамтын нийгэмлэгт хандаж Оросын төрийн өмчит болон хагас төрийн өмчит компаниудад хориг арга хэмжээ авахыг уриалж байгаа. Эдийн засгийн ийм хориг арга хэмжээ авснаар Оросын удирдлага, шийдвэр гаргагчид хийж буй үйлдлээ эргэж харах болов уу гэж найдаж байна. Украинд энх тайван байдлыг тогтоосон нөхцөлд бидний барууны түнш нарын зүгээс энэ хориг арга хэмжээгээ зогсоох нь ойлгомжтой.Европ тивд ийм том дайныг эхлүүлсэн хувь хүмүүс, албан тушаалтнуудын эсрэг бас ийм хориг арга хэмжээ авсан байгаа. Бидний үзэж байгаагаар ЕАБХАБ бол Украинд энх тайвныг бий болгоход хамгийн чухал үүрэгтэй байгууллага юм. ЕАБХАБ-ын зүгээс бас ажиглагчид буюу тусгай хяналтын багийн хэдэн зуун хүн ажиллаж байгаа. Тэд цэрэг дайны ямар гэмт хэрэг гарч буй талаар мэдээлэл авч баталгаажуулах ажил хийж байгаа. Бид цаашдаа ч гэсэн ЕАБХАБ-ын зүгээс тусгай ажиглалт хяналтын энэ багийн ажлыг үргэжлжүүлэн явуулахыг хүсэж байгаа. Мөн ЕАБХАБ-ын зүгээс энх тайвныг бий болгохын төлөө хэлэлцээрүүд буюу Минскийн тохиролцоо зэрэг бүхий л үйл явцад нь оролцож байгаа. Энэ байгууллага бол аль нэг талын эрх ашгийг баримтлаагүй, төвийг сахисан байр суурьтай гэдэг утгаараа яриа хэлэлцээр явуулахад хамгийн тохиромжтой байгууллага гэж үзэж байна.

Улаанбаатарт болж буй ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн энэхүү хурлын үеэр бид Оросын төлөөлөгчидтэй шууд уулзалт хийх бололцоог эдэлсэн. Мөн ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч ноён Канерва болон Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Спенсер Оливер нартай уулзсан. Бид Украины хямралын асуудлаар санал бодлоо солилцсон бөгөөд цаашид асуудлыг шийдвэрлэхэд эдгээр уулзалт ач холбогдлоо өгнө гэж найдаж байгаа гэлээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр Украины парламентын гишүүн бөгөөд ЕАБХАБ-ы парламентын Ассамблейн хуралд төлөөлөгчөөр оролцож буй Сергей Высоцкий ярихдаа:

-Энд нэг зүйл онцлон тэмдэглэмээр байна. Украин, Монгол хоёр улс геополитикийн талаасаа ижил төстэй нөхцөл байдалд байгаа. Монгол Улсын нэгэн адил Украин нь Оростой олон км газраар хил залгадаг. Энэ ч утгаар нь бид Оросыг томоохон хөрш улс гэж ойлгож ирсэн. Гэтэл амьдрал дээр Кремль болон Путин тэргүүтэй хүмүүс империалист байдлаар энэ найрамдлыг маань үгүй хийж, түншлэлийг устгасан бөгөөд одоо манай Крым болон Украины зүүн хэсгийг булаан эзлээд байна. Монгол Улс өөрийн хоёр хөрш болон бусад улстай сайн харилцаатай байдаг. Нэг зүйлийг анхааруулж хэлэхэд, Орос улс бол империалист байдлаар хөршүүддээ хандах, геополитикийн эрх ашгаа хамгаалахад байнга бэлэн байдаг учраас та бүхэн ч гэсэн бэлтгэлтэй байж, арми болон бусад бэлтгэлээ базааж байх нь зүйтэй юм.

Бас нэг анхааруулах зүйл бол Украины зарим иргэдийг ОХУ-ын шоронд хорьж байгаа. Украинд болж буй дайны үеэр Украины 20 гаруй хүнийг барьцаалан шоронд хийсэн. Тэд бол Крымд байсан хүмүүс, бас өөр бусад олон хүн байгаа. Тэдний дунд Украины парламентын гишүүн Надя Савченко гэдэг хүнийг баривчлаад шоронд хорьсон байгаа. Мөн Крымын Татарын бүлгийн дэд дарга хүн ч бий. Хүний эрхийн асуудал болон улс төрийн хоригдлуудын асуудал бол ЕАБХАБ-ын ярьж байгаа сэдвүүдийн нэг чухал хэсэг болж байгаа. Украин өөрийн иргэдийн төлөө тэмцэнэ гэдгээ энд хэлмээр байна.

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблей болон түүний гишүүдэд /түүний дотор Монгол Улс байгаа/ хандаж хэлэхэд Украины иргэд хоригдож байгаа, Крым болон бусад нутагт Оросын талаас хийж буй үйлдлүүдийг битгий мартаарай гэж хэлмээр байна гэлээ.

Украины төлөөлөгчдийн мэдээллийн дараа сэтгүүлчид Донецк, Луганскт удахгүй болох орон нутгийн сонгуулийн тухай, энэ сонгууль болсон тохиолдолд Украины зүгээс ямар арга хэмжээ авах, Украины хямрал эдийн засгаас үүдэлтэй юү, эсвэл өөр гадны хүчин зүйлээс үүдэлтэй юү зэрэг асуулт тавьж харицулт авсан бөгөөд хямралын гол шалтгааныг тэд тйалбарлахдаа:

-Энэ асуудлыг бид бүдэг бадаг бус, хар-цагаанаар маш тодорхой, ойлгомжтой гэж харж байна. Зөвхөн Оросын халдлага л хямралыг үүсгэсэн гэж үзэж байгаа. Энэ талаар олон улсын байгууллагуудын тунхаглал, баримт бичгүүдэд тодорхой заасан байгаа. Тухайлбал, НҮБ-аас энэ талаар тогтоол гаргасан, Европын Комиссоос мөн тогтоол гаргасан, ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн тогтоолд ч энэ талаар тодорхой байгаа гэсэн юм.

-Сая Оросын талтай уулзалт хийсэн гэсэн, яг юун тухай ярилцаж, ямар үр дүнд хүрсэн бэ гэсэн асуултанд тэд хариулахдаа:

-Бидний хувьд асуудлыг шийдвэрлэх арга бол Минскийн тохиролцоо баримт бичгээ дагаж мөрдөх явдал байгаа. Уулзалтын үеэр ч гол ярианы сэдэв маань ч бас энэ тохиролцоо байлаа. Өнөө өглөө болсон Байнгын хорооны хурал дээр ч бид “Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд парламентын гишүүд өөрсдийнхөө зүгээс гүйцэтгэх засаглал буюу Сайд нарын зөвлөл, Ерөнхийлөгчдөө шахалт үзүүлэх ёстой” гэж хэлсэн.

Бидний хувьд асуудалд ойлгомжтой хандаж байгаа. Хямралын хувьд бидний үзэж байгаагаар Орос улс бол булаан эзлэгч орон. Энэ талаар ярилцахад хамгийн гол нь төвийг сахисан, хараат бус орчин нөхцөл чухал учраас Монгол Улсад ярилцах боломжтой болсонд талархаж байгаа. Оросын талтай уулзах үед ямар нэгэн шийдвэр гаргаагүй, мэдээлэл солилцсон гэлээ.

-Украины хямралаас хамгийн хурдан, хамгийн эергээр гарах гарц нь юу вэ? Хамгийн ойрын хугацаанд та бүхний хүссэнээр шийдэгдвэл хэзээ энэ хямралаас гарч болох вэ гэсэн сэтгүүлчийн асуултанд Украины төлөөлөгч хариулахдаа:

-Бидний зүгээс шийдэл их энгийн бөгөөд амархан гэж үзэж байгаа. Минскийн тохиролцоогоо л мөрдөнө. Минскийн тохиролцоонд “Асуудлыг энхийн аргаар шийднэ” гэсэн байгаа. Энд гурван үндсэн санаа байна. Эн түрүүнд гал зогсоох, дараа нь Украины нутгаас зэвсгээ гаргах, гуравдугаарт нь, манай улс төрийн хоригдлуудыг суллах. Бид энэ Минскийн тохиролцоог хэрэгжүүлж байна, харамсалтай нь Оросын талаас ийм хүчин чармайлт гаргахгүй байна гэсэн юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш