logo
Монгол-АНУ-Японы гурван талт анхдугаар уулзалт болов

Монгол-АНУ-Японы гурван талт анхдугаар уулзалт болов

2015/09/30

Монгол-АНУ-Японы гурван талт анхдугаар уулзалт есдүгээр сарын 29-ний өдөр Нью-Йорк хотноо амжилттай болж өндөрлөв. Уулзалтад Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах нарийн бичгийн дарга Д.Рассел, Япон Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын ерөнхий захирал Ж.Ихара нар оролцов. Уулзалтын үеэр талууд олон улсын болон бүс нутгийн түвшинд гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж, чиглэлийн талаар санал солилцов.

Ийнхүү Монгол-АНУ-Японы гурван талт уулзалт зохион байгуулсан нь манай улсын "гуравдагч хөрш" АНУ, Япон Улстай олон улс, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн интеграцид оролцох, нэгдмэл сонирхол бүхий асуудлаар олон улс, бүс нутгийн түвшинд явуулах үйл ажиллагаагаа уялдуулах зэрэг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцох байнгын механизм бүрдүүлэх эхлэлийг тавьсан чухал ач холбогдолтой үйл явдал болов.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш