logo
УИХ-ын дарга Хэнтий аймгийн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа

УИХ-ын дарга Хэнтий аймгийн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа

2015/10/01

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд энэ сарын 29-нд Хэнтий аймагт ажиллах үеэрээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудтай танилцав.

Улсын Их Хурлын дарга орон нутаг дахь томилолтынхоо үеэр төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр нийт 21.4 тэрбум төгрөгийн өртөгөөр баригдсан “Хэрлэн” хорооллын нээлтэд оролцсон юм. 2013 онд тус хорооллыг цогцоор нь бүтээн байгуулах ерөнхий төлөвлөгөө, зураг төсөл, геологийн судалгааны зардлуудыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр ОНХСангийн хөрөнгөөр хийжээ. Хэнтий аймгийн удирдлагууд нийт 8 компанитай гэрээ байгуулсан бөгөөд бүтээн байгуулалтын явцад гүйцэтгэгч компаниудын хөрөнгөөр гадна зам талбай, авто машины зогсоол, явган хүний зам, инженерийн шугам сүлжээ, халаалтын зуухны өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-ийн “Аймаг бүрт 1000 айл орон сууц” дэд хөтөлбөр Хэнтий аймагт амжилттай хэрэгжиж байгааг тус аймгийн удирдлагууд Улсын Их Хурлын даргад онцлон танилцуулсан юм. Хэнтий аймаг дахь 1000 айлын орон сууц хөтөлбөрт улсын төсвөөс нийт 60.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл 746 айлын орон сууц ашиглалтад ороод байгаа аж.

Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Пүрэвжав хэлэхдээ, аймгийн төвд “Дүрт уул” ХХК-ийн 120 айлын 2 орон сууц, “Тулга констракшн” ХХК-ийн 60 айлын орон сууц, “Мөнххутаг” ХХК-ийн 28 айлын орон сууц, “Хос бар” ХХК-ийн 46 айлын орон сууцны барилгын ажил явагдаж байгаа бол Батноров суманд “Си Эйч Би Жи констракшн” ХХК-ийн 12 айлын орон сууц, Өмнөдэлгэр суманд “Монгол дайван” ХХК-ийн 27 айлын орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэж байгаа гэв. Ийнхүү 2013-2015 оны хооронд Хэнтий аймагт нийтдээ 1039 орон сууцтай болж байгаа талаар Улсын Их Хурлын даргад танилцууллаа.

Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар Улсын Их Хурлын даргад 2013-2015 онд тус аймагт хийгдсэн бүтээн байгуулалтуудын төсөвт өртгийн талаар мэдээлэл өгсөн юм. 2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 10 барилга, 1.37 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 17 барилгын их засвар, ОНХСангийн хөрөнгөөр хэрэгжсэн нийт 8.2 тэрбум төгрөгийн төсөвтэй 285 ажил хийгдсэн бол 2014 онд 13.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 9 барилга, 860 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 15 барилгын их засвар, ОНХСангаас 8.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 282 ажлыг санхүүжүүлэн гүйцэтгэжээ. Харин энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 14.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 21 барилгын ажил хийгдэж байгаа бол 4 барилгад 120 сая төгрөгийн өртөг бүхий их засварын ажил хийгдсэн. Түүнчлэн ОНХСангийн 3.18 тэрбум төгрөгийн төсвөөр 313 ажил аймгийн хэмжээнд хийгдээд байгаа юм байна. 

Улсын Их Хурлын дарга З.Энхболдыг Хэнтий аймагт ажиллах үеэр Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар болон албаны бусад хүмүүс дагалдан явлаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш