Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахих” сэдэвт НҮБ-ын Ерөнхий Ассемблейн өндөр хэмжээний сэдэвчилсэн хэлэлцүүлэгт 10 дугаар сарын 1-ний өдөр оролцлоо.
Энэ хэлэлцүүлгийн нээлтэд НҮБ-ын ЕНБД Бан Ги Мүн оролцож, НҮБ-ын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байгаа энэ үед олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахихад нөлөөлөх боломжийг сайшаан хүлээн авч, өнгөрсөн 70 жилийн хугацаанд өөрчлөлт шинэчлэлтийн нөхцөл байдалд дасан зохицож ирсэнийг тэмдэглэлээ. Мөн тэрээр НҮБ-ын 70 жилийн ойгоо тэмдэглэж байгаа энэ үед олон талт үзлийн хажуугаар хамтрах ажиллахын хүчийг харуулах их найдвар байна гэж онцоллоо.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хэлсэн үгэндээ өнгөрсөн 70 жил олон улсын хууль эрх зүйн зарчмууд ба олон улсын энх тайван аюулгүй байдлыг сахиулахад НҮБ-ын үүрэг хариуцлагыг дахин нотолсныг тэмдэглээд, энэ жилүүдийг сайтар судлах нь туршлага, сургамж болно гэж онцоллоо. Гадаад хэргийн сайд НҮБ-ын Дүрмийг ягштал биелүүлэх нь бүх улсуудын аюулгүй байдлын баталгаа гэж тэмдэглээд, “Зүүн хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь тус бүс нутгийн итгэлцлийг бэхжүүлэх, энхийг цогцлоох хүчин чармайлтад туслах ёстой гээд НҮБ-ын Энхийн ажиллагааны дээд хэмжээний ажлын хэсгийн зөвлөмж, түүнтэй холбоотой гарсан илтгэлийг сайшаалаа.