НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганд оролцож буй Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2015 оны 10 дугаар сарын 1-нд АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацын (МСК) төслийн үйл ажиллагаа хариуцсан Дэд Ерөнхийлөгч Камран Ханыг Нью-Йорк хотноо хүлээн авч уулзав.
Уулзалтаар талууд Монгол Улс, Мянганы Сорилтын Корпорацийн хоёрдугаар компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд урт хугацаанд нөлөөлөхүйц үр дүнтэй байх ёстойг санал нэгтэй тэмдэглэв. Тухайлбал, Улаанбаатар хотын төлөвлөлт, ялангуяа гэр хорооллыг цогцоор нь хөгжүүлэх нь чухал бөгөөд үүнд дэлхийн шилдэг хот төлөвлөлтийн загварыг ашиглах боломжтой талаар МСК-ын Дэд Ерөнхийлөгч К.Хан онцлов.
Монгол Улсын Засгийн газрын зүгээс МСК-тай байгуулах гэрээний хүрээнд хэрэгжүүлэх төслийн тухай албан ёсны хүсэлтээ ойрын хугацаанд танилцуулах юм. Саяхан хоёр долоо хоногийн өмнө төслийг сонгон шалгаруулах бэлтгэл ажлын хүрээнд холбогдох судалгаа, мэдээллийг гаргаж дүн шинжилгээ хийхээр МСК-ийн төлөөлөгчид Монголд айлчилсан юм. Төслийн хүрээнд хийгдэж буй судалгаа, мэдээллийн дүн ойрын үед бэлэн болох бөгөөд манай тал хэрэгжүүлэх төслийн саналаа МСК-т албан ёсоор танилцуулахаар ажиллаж байна.