logo
Баянхонгор, Говь-Алтай, Төв, Сүхбаатар аймгууд онлайнаар холбогдон дүрст хурлыг зохион байгууллаа

Баянхонгор, Говь-Алтай, Төв, Сүхбаатар аймгууд онлайнаар холбогдон дүрст хурлыг зохион байгууллаа

2015/10/19

Төрийн ордны "Нээлттэй сонсголын танхим"-д  өнөөдөр /2015.10.19/ Баянхонгор, Говь-Алтай, Төв, Сүхбаатар аймгууд онлайнаар холбогдон дүрст хурлыг зохион байгуулав.

Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд дунд хугацааны үнэлгээ хийхээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн олон улсын зөвлөх Пол Ван Хүүф Монгол Улсад ажиллаж байгаа билээ.

Төслийн хүрээнд   эмэгтэй төлөөлөгчдөд зориулсан  сэдэвчилсэн сургалтуудыг зохион байгуулсан бөгөөд эдгээр сургалтуудын ач холбогдол, үр дүнгийн талаар  дүрст хурлын системээр дээрх дөрвөн аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчидтэй санал солилцож, харилцан ярилцлаа.

Дүрст хуралд оролцсон төлөөлөгчид төслийн хүрээнд зохион байгуулагдсан сургалтууд үндэсний хэмжээнд өргөн цар хүрээтэй болсны зэрэгцээ цаг үеэ олсон, харилцан туршлага солилцсон, иргэдийн ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргах, төр иргэний итгэлцэл болон хамтын ажиллагаа сайжирсан, төлөөлөгчдийн бодлого боловсруулах оролцоо дээшилсэн зэрэг олон чухал ач холбогдолтой байсан гэдгийг илэрхийлж байв. Мөн сургалтыг цаашид үргэлжлүүлэн явуулах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа энэ үеэр хэлж байсан юм.

Өнөөдрийн дүрст хурлыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар Баянхонгор аймгаас удирдан явууллаа. Энэхүү дүрст хурлын системийг “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хэрэгжүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаан нь цаг хугацаа, төсөв мөнгө хэмнэсэн хурал болж байгааг төлөөлөгчид онцолж байлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш