Японы мэргэжлийн сумогийн дээд зиндаанд Монгол бөхчүүдийн ноёрхол тогтоод 13 жил болжээ. Энэ хугацаанд дөрвөн ёкозүна цолтон төрж, зургаан бөх нийлээд 70 удаа эзэн хааны цом хүртсэн аж. Наран улсын сумо сонирхогчид өөрийн орны ёкозүна цолтон төрөхийг харуулдан суусаар багагүй хугацаа өнгөрсөн. Хамгийн сүүлд 1998 оны Нагоя башёд Ваканохана ёкозүна болсноос хойш 17 жил, 2003 онд зодог тайлсан Таканоханагаас хойш 12 жил дээд зиндааны зүүн, баруун жигүүрийг Монголын хүчтэн манлайлан барилдаж байна.
Япончуудын итгэл хүлээлгэж байсан озэки Кисэносато башё бүр ёкозүна цолны төлөө дайралт хийдэг ч тухай бүртээ азгүйтдэг. 2013 оны зургаан тэмцээнд араваас дээш даваатай башёг дуусгаж, сумогийн холбооноос нэг түрүүлбэл их аварга болгоно гэж амласан ч тэдний итгэлийг дааж чадаагүй.
2013 оны Нацү башёд залуу озэки 13 давж, 2 унасан. Гэтэл Хакухо тэр үед гоц тасархай байж, нэг ч уналгүй түрүүлэн Кисэносатод боломж олгоогүй. Харин сумогийн холбоо өөрийн орны бөхөд элэгтэй хандаж, дараагийн башёд 13 давах буюу түрүүлбэл ёкозүна цол олгох талаар бодно гэж байлаа. Наруто дэвжээний бөх энэ их итгэл, найдварыг биелүүлж чадалгүй Нагоя башёд 11 давж, 4 унасан.
Мөн сумогийн холбоо Какүрюүд нэг түрүүлэхэд нь ёкозүна цол олгосон нь цаанаа учиртай байж. 2006 оноос хойш дээд зиндаанд Япон бөх түрүүлээгүй. Тэдний өнөөдөр найдаж байгаа гол хүн нь Кисеносато. Түүнийг нэг түрүүлэхэд ёкозүна цол олгоход бэлэн байна. Мөн Котошёогикүг эзэн цом хүртвэл маргааш нь л их аварга болгох сонирхолтой байгаа нь илт болсон. Харин озэки нэртэй сэкиваке, комүсүби цолны хэмжээнд барилдаж буй Кисэносато, Котошёогикү нар дөнгөж л тавиас дээш хувийн амжилтаа үзүүлээд л цааш явж чадахгүйд хүрчээ.