Саяхан сошиал ертөнцөөр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа Хууль зүйн яамны ажилчдад олгодог орон сууцнаас хуурамч бичиг баримт бүрдүүлэн хамаатан садандаа байр өгсөн” гэх мэдээлэл цацагдаж, Хууль зүйн яамны газрын дарга Э.Зоригт уг мэдээллийг дэмжсэн агуулгатай мэдэгдэл хийсэн. Харин Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин энэ талаар “Төрийн албан тушаалыг хувийнхаа ашиг сонирхолд ашиглаж байсан удаа надад үгүй.
Энэ мэдээллийг шалгуулахаар АТГ-т хандсан” гэдгээ мэдэгдсэн билээ. Тэгвэл АТГ Х.Тэмүүжин гишүүний хүсэлтээр уг мэдээллийн мөрөөр шалгалт явуулаад “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулиар заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй” гэдэг хариултыг гишүүний нэр дээр хаяглан ирүүлжээ.
Тодруулбал, Хууль зүйн яамнаас байр авсан хүмүүсийн дотор Х.Тэмүүжин гишүүнтэй “хамааралтай этгээд” байгаагүй юм байна. Тиймээс Х.Тэмүүжин гишүүн уг мэдээллийг гаргасан эх сурвалжийг олж, нэр төрөө сэргээлгэнэ гэв.