Эдүгээ 81 жилийн түүхтэй Монголын радио энэ сарын 12-ны өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд “Алтан сан” радио бие даасан сувгийн нээлтийг хийх гэж байна. Энэ хүрээнд Монголын радиогийн захирал Б.Баярсайхантай ярилцлаа.
-Радиогийн “Алтан сан” хөмрөг хэдий үеэс үүсэлтэй юм бэ?
-Монголын радиогийн “Алтан сан” бол яндашгүй арвин. Манай радиогийн фонд 1954 оноос эхтэй. Анх 1950-аад оны дундуур БНМАУ-ын Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа гуай хальс, хуучин бичлэгүүдийг цэгцэлж, “Плёнкны өрөө” гэж байгуулсан байдаг. Энэ нь одоогийн “Алтан сан”-гийн үүсэл болсон юм.
Гэхдээ манай “Алтан сан” хөмрөгт байгаа бүтээлүүд он цагийн дарааллын хувьд 1920-иод оноос эхтэй. Олон улсын коммунист намын тэргүүн, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч А.Коллонтай гэж хүний яриа, ХХ зуунд дэлхийн геополитикийн бодлогыг өөрчилсөн, хүн төрөлхтнийг социалист болон капиталист лагерьт хоёр тууль болгосон В.И.Лениний дуу хоолой манай “Алтан сан”-д байж байх жишээтэй.
1930-аад оны үед Москвад хийлгэсэн манай урлаг, соёлын алдартнуудын пянзны бичлэг байна. МУАЖ М.Дугаржав, Д.Ичинхорлоо нарын дуулснаас эхлээд л“Баян Монгол”, “Идэр жинчин” гэдэг ч юм уу, олон зуун дээр үеийн дуу бий. Бүгдийг нь тэр үеийн дуу хөгжмийн технологиос салгаж аваад хадгалчихсан байгаа. Монголын радиогийн “Алтан сан”-гийн бүтээлүүд он тооллын хувьд 1920-иод эхнээс эхтэй ч албан ёсоор сан болгож архивласан нь 1950-аад оны дунд үе юм.
-Тухайлбал, өнөөг хүртэл хэдэн минутын, хэдэн нэгж материал хадгалагдсан бэ?
-Монголын радиогийн “Алтан сан” хөмрөгтнийтдээ 4000 нэгж, 160 гаруй мянган минутын материал бий. Үүн дотор асар олон төрлийн “юм” бий. Монгол дуурь, жүжиг, дэлхийн сонгомол жүжиг, кино, танин мэдэхүйн нэвтрүүлгүүд гээд. Нэр заавал, “Соёлч радио сонин” гэж нэвтрүүлэг 1000 дугаар явсан байгаа юм. Үүний 100, 200, 300..., 1000 гээд бүх тэгш тоотой дугаар хадгалагдаж байна.
Хамгийн сонирхолтой нь маш олон түүхэн хүмүүсийн яриа, дурсамж, дурдатгал хадгалагдаж байгаа. 1921 онд хувьсгал хийсэн АХ-ын партизануудын яриа л гэхэд нэр бүхий олон тооны хүн оролцсон нь бий. Анхны долоогийн нэг Их жанжин Д.Сүхбаатарын хүү Галсангийн яриа дурдатгал, АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу, МАХН-ын төв хорооны дарга Ю.Цэдэнбалын яриа болоод Монголын түүхийн онцгой, тэмдэглэлт үйл явдлын гэрч болсон бүх яриа бичлэгбий.
Ардын хувьсгалын 30 жилийн ойн баярын Их хурлаас эхлээд, Үндэсний их баяр наадам, Монгол хүн сансарт ниссэн, Олимпоос медаль хүртсэн, 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын үйл явдал, түүнд лидерүүдийн хэлсэн үг гээд асар их үнэ цэнэтэй бичлэг, баримтууд байна.
-Монголын радио сүүлийн үед сонсогчдод хүргэх шинэ технологийг хэр нэвтрүүлж байгаа вэ?
-Радио 81 жилийн түүхтэй. Радиогийн “Алтан сан” үүсээд 60 жил болж гэж үзвэл энэ 60 жилийн хураасан хур, өв санг эргэлтэд оруулж, ард түмэндээ сэргээн хүргэх бодлогыг барьж байна. Иймээс “Алтан сан” радиог нэмж оронд даяар богино долгионоор цацах ажлыг энэ сарын 12-ноос эхлүүлэх гэж байгаа юм. Энэ суваг маань өдрийн 16 цагийн эфирээ хүргэхээс гадна интернэт радио болж, цахим орчинд өөрөөр хэлбэл, хүн бүрийн хүлээн авах өргөн боломжоор долгион дамжих юм.
Ер Монголын радиогийн бүх сувгийг онлайнаар сонсох, нөхөн сонсох боломж бүрдсэнийг хэлэхэд таатай байна. Цаашид шинэ сувгаа хэт богино долгионоор дамжуулдаг болох зорилт ч тавьж байгаа.
-“Алтан сан” радиогийн эфирийн өнгө төрх ямар байх вэ?
-“Алтан сан”-гийн бичлэгүүдийг шууд тавиад л явуулаад байна гэсэн үг биш. Мэдээж үүний өмнө аналоги системээс тоон систем рүү хөрвүүлэх бэлтгэл ажил хийгдэнэ. Тухайн бүтээлийг хэдэн онд, хэн, ямар сэдвээр хийж, хэзээ нэвтэрсэн зэрэг тайлбартайгаа хамт орох юм. Жишээ нь, “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн анхны дугаар 1976 оны гуравдугаар сард нэвтэрч байсан байна. Энэ нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн” шагналыг 1978 оноос өгч эхэлжээ. Анхны редакторнь Мятавын Цагаан байв” гэдэг ч юм уу, үүх түүхийн тайлбартайгаар сонсогчдод хүрэх юм.
-Хэдэн нэвтрүүлэг явах вэ?
-Одоогоор 10-12 нэвтрүүлгийг “Алтан сан”-гаар явуулах боломжтой гэж үзэж байгаа. Шинэ нэвтрүүлэг ч нэмнэ. Заримаас нь хэлэхэд, “Алтан сан-Алтан дурсамж” нэвтрүүлэг гэхэд л түүхт хүмүүсийнхээ яриа, дурдатгалуудыг ашиглаж шинэ нэвтрүүлэг хийнэ. “Алтан сан-театр”, “Долгион радио сэтгүүл”, “Алтан сан радио туршлага”, “Алтан сан радио хичээл”, “Үлгэрийн сан” гэх мэт байна. “Алтан пянз” хөгжмийн нэвтрүүлгээр гэхэд 1930-аад онд Москвад Магсархурцын Дугаржавын хийсэн бичлэгээс авахуулаад л гадаад, страд, ардын дуу гэх мэтээр төрөлжүүлсэн концерт нэвтрүүлэг эгшиглэнэ.
-“Алтан сан”радиогийн эфирийг хэзээнээссонсох боломжтой билээ?
-11 дүгээр сарын 12-нд “Алтан сан” радио албан ёсоор нээгдэж, ёслолын арга хэмжээ болно. Энэ өдөр бол “Монгол бахархлын өдөр”. Өвлийн эхэн сарын шинийн нэгэнд эзэн Чингис хааныг төрсөн гэж үздэг. Энэ тэмдэглэлт өдөр “Алтан сан” радиогоо нээх гэж байна.Нөгөө талаар Монголын радиогийн “Алтан сан” хөмрөгбол монголчуудын бас нэг бахархал гэж хэлж болох юм. Яагаад гэвэл Монгол Улсын түүхийн тодорхой хэсэг радиод оршин байдаг.
-Одоогоор нэвтрүүлгийн төлөвлөлт, бэлтгэл ажил ямар шатандаа байна вэ?
-Бид шинэ радиогийнхоо өдөр бүрийн 16 цагийн хөтөлбөр бүхий бүтэн нэг сарын программыг өрөөд дууслаа. Хийх ажил маш их байна гэсэн үг. Энэ дотор бүтэн сар явах “Алтан сан дурсамж ” нэвтрүүлэгт гэхэд 30 хүн бүхий нэвтрүүлэг бэлэн болох ёстой. “Эрдэнэсийн сан” гэхэд 30 зохиол бэлэн болох учиртай. “Алтан сан пянз” гэдгээр 30 биш 150 концерт бэлэн болох ёстой гэх мэтээр бүтэн нэг сарын ажлаа хийж байна. Үүний хажуугаар сүлжээнд орох материалуудаа форматын зөрөөг нь арилгах, орчин үеийн технологид шилжүүлэх ажил бас хийж байна.
-Сүүлийн үедхийгдсэн МҮОНР-гийн бүтээлүүдээс “Алтан сан”-д нэмэгдэх нэвтрүүлэг бий юу?
-Энэ шинэ сувгийн маань нэвтрүүлгүүд түүх, уран зохиол, хөгжим, яриа, театргэх мэтээр төрөл зүйлийн хувьд маш нарийвчлалтай байгаа. Сүүлийн үед манай радиод хийгдэж байгаа бүтээлүүдээс “Алтан цадиг” нэвтрүүлэг шинэ радиогоор цацагдана. Энэ нэвтрүүлэг бол Монголын түүхийг Хүнни гүрний үеэс эхлэн бичсэн түүхэн нэвтрүүлэг байгаа юм.
2008 оноос хойш бид радиогийн “Алтан сан” хөмрөгийг бодлогоор баяжуулсан. Түүх, угсаатны зүй, биет бус өв соёл, шинжлэх ухааны нэвтрүүлэг зэрэг сэдвийн хувьд өргөн хүрээтэй болгосон.
-Монголын радиогийн бусад суваг тус тусын чиглэлээрээ ажиллах уу?
-Нэлээн хэдэн жилийн өмнө хийсэн судалгааны үр дүн, цаг үе, технологийн шаардлагаар хөтөлбөрийн олон шинэчлэл хийж байгаа. Гэхдээ “Алтан сан” суваг нэмэгдлээ гээд үүнээс хамааралтай өөрчлөлт бусад суваг дээр гарахгүй. Нэгдүгээр суваг үндсэн суваг хэвээрээ, “P3”буюу залуусын радио одоо барьж байгаа нийтлэл нэвтрүүлгийн бодлогоороо, “Монголын дуу хоолой”гадаад хэлний суваг мөн адил хэвийн ажиллана. Эд нарын хооронд нэгч зүйл холилдохгүй. Тус тусын дөрвөн өөр, бие даасан сувгийн статустайгаар ажиллана.
-Та сонсогч олондоо хандаж юу хэлэх вэ?
-Уншигч, үзэгч, сонсогч түмэндээ “Монголын радио”-гийн түүх, өв соёлын бие даасан шинэ суваг тун удахгүй долгион дамжих гэж байгааг дуулгаж байгаадаа таатай байна. “Алтан сан” радио “Монгол бахархлын өдөр” буюу 11 дүгээр сарын 12-нд таны сонорт хүрэх болно.
-Баярлалаа.