logo
Сэргээгдэх эрчим хүчний салбарт 30 сая ам.долларын буцалтгүй тусламж авна

Сэргээгдэх эрчим хүчний салбарт 30 сая ам.долларын буцалтгүй тусламж авна

2015/11/20

АНУ-ын Вашингтон хотноо болсон Олон улсын Уур амьсгалын хөрөнгө оруулалтын сангийн “Бага орлоготой орнуудад сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх хөтөлбөр”-ийн дэд хорооны хуралд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Дэд хорооны хурлаар “Бага орлоготой орнуудад сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх хөтөлбөр”-ийн 2015 оны хагас жилийн тайланг хэлэлцэж, үр дүнг танилцууллаа. Дараа нь Бангладеш, Руанда, Уганда, Монгол зэрэг улсуудад оруулах хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хэлэлцлээ.

Монгол Улсын Сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг дэд хорооны хурлаар хэлэлцүүлэхтэй холбогдуулан Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт хэлсэн үгэндээ хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулахад техникийн туслалцаа үзүүлсэн Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк болон Уур амьсгалын хөрөнгө оруулалтын санд гүн талархал илэрхийлээд Монгол Улсын Засгийн газраас Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг зохих шаардлагын дагуу боловсруулсан бөгөөд Засгийн газраас сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бодлого, хууль эрх зүйн орчинд томоохон өөрчлөлт оруулан ажиллаж байгааг дурлаа. Ирэх 2016 онд Монгол Улс нь Ази-Европын өндөр түвшний уулзалт зохион байгуулах үеэр Сэргээгдэх эрчим хүчний талаар тусгай уулзалт зохион байгуулахаар бэлтгэж байгааг тэмдэглээд, цаашдаа сэргээгдэх эрчим хүчийг ашиглан Зүүн-Хойд Азийн орнуудад эрчим хүч экспортлох томоохон зорилго дэвшүүлэн ажиллаж байгаа тухай мэдээлэв.

Дараа нь ЭХЯ-ны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга М.Ангараг Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг танилцуулсан байна. Олон улсын Уур амьсгалын хөрөнгө оруулалтын сангийн Сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх хөтөлбөрийн дэд хорооны хурлаас “Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд шаардлагатай 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг буцалтгүй тусламж хэлбэрээр олгох шийдвэр гаргалаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш