logo
Эцэг, эхчүүд урлан бүтээх төвийн хувьчлалыг эсэргүүцэв

Эцэг, эхчүүд урлан бүтээх төвийн хувьчлалыг эсэргүүцэв

2015/12/07
Хүүхдийн урлан бүтээх төвийг хувьчлахын эсрэг эцэг, эхчүүд нэгдлээ. Нийслэлийн ИТХ-ын 11 сарын 30 –ний өдрийн хуралдаанаар Хүүхдийн урлан бүтээх төв, Хүүхдийн ордон тэргүүтэй 19 барилгыг 2016 оны өмч хувьчлалд хамруулж, нээлттэй дуудлага худалдагаар зарах шийдвэрийг гаргасан. Тэгвэл энэ шийдвэрийг эсэргүүцэн Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгыг хувьчлахын эсрэг эцэг, эхчүүд болон сурагчид, ард иргэдийн төлөөллүүд тайван жагсаал хийлээ. “Монголд цор ганц, тэр дундаа үнэ төлбөргүйгээр үйл ажиллагаа явуулж, хүүхдийн авьяас билгийг нээн хөгжүүлж, соён гэгээрүүлдэг уг байгууллагыг татан буулгаж, хувьчилж болохгүй, хүүхдүүдийг хаана сур гээв” хэмээн эцэг, эхчүүд ийн нэгдэж санал бодлоо илэрхийлж байгаа аж.

Тэд Урлан бүтээх төвийн гаднах талбайд хүүхдүүдийн ур ухаан, авьяас билгээ шингээж хийсэн бүтээлүүдийг барьж жагссан нь хүүхдүүдийн хөдөлмөр, авьяас билгийг битгий зэврүүлээч, энэ гайхалтай бүтээлүүдийг хамгаалж, хөгжүүлж үлдээе гэсэн санааг илэрхийлэн гаргаж байгаагаараа онцлогтой байлаа. Ийнхүү эцэг эхчүүд, сурагчдын хамтарсан тайван жагсаал нь хүүхдийн урлан бүтээх төвийг хувьчлахын эсрэг хийгдэж буй анхны тэмцэл аж. Үүний дараагаар шийдвэр гаргагчид шийдвэрээ эргэн харж, цуцлах хүртэл энэ мэт жагсаал, хөдөлгөөнийг үе шаттайгаар цааш өрнүүлэх болно гэдгийг тус төвийн багш ажилчид, эцэг эхчүүдийн төлөөллүүд мэдэгдэж байлаа.

З.Хуяг

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш