logo
Б.Бат-Эрдэнэ: Хяналт шалгалт бүр хүний төлөө байх ёстой

Б.Бат-Эрдэнэ: Хяналт шалгалт бүр хүний төлөө байх ёстой

2016/01/06
"Би Монголоо ингэж хөгжүүлнэ” булангийнхаа энэ удаагийн дугаарт МХЕГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнийг урьж, ярилцлаа. 

-Мэргэжлийн хяналтын бай­гууллага улиран одож буй хуу­чин онд хийж бүтээсэн аж­лаа дүгнэж, цэгнэсэн байх. Өн­гөр­сөн хугацаанд ололттой ямар ажлуудыг хийсэн байна вэ?
-Өнгөрсөн 2015 онд мэргэжлийн хяналтын байгууллага зохих хуулийн хэрэгжилтүүдэд хяналт тавьж, иргэдийн төлөө хэд хэдэн шинэлэг зүйлсийг хэрэгжүүлэн ажилласан гэж бодож байгаа. Манай байгууллагын хувьд орон нутаг, сум, боомтууд гээд улс эх орныхоо өнцөг булан бүрт хүрч ажилладаг цөөхөн байгууллагын нэг. Хийсэн ажлаас үр өгөөжтэй буюу өндөр үр дүнтэйг нь онцлон дурьдвал, хамгийн түрүүнд хяналтын хуудсыг ашиглах, иргэд хяналтын байгууллагыг хянадаг болгох тал дээр илүү ажилласан гэж хэлж болно. Энэ нь тухайн чиглэлийн хяналтын улсын байцаагч тухайн байгууллагад очиж хяналт шалгалт хийхдээ заавал хяналтын хуудсаар үнэлж, дүгнэдэг системийг жигдрүүлэх гэсэн үг. Өмнө нь хэрэглэгчдээс ирдэг гомдлын дагуу улсын байцаагч очиж шууд шалгалт хийдэг байсан.

Тэгвэл хяналтын хуудас ашиглах тогтолцоонд шилжсэнээр 10 хоногийн өмнө тухайн байгууллагад урьдчилан мэдэгдэж, хяналтын хуудсыг заавал авч очиж, хяналт шалгалтыг хийн, хоёр хувь бөглөөд, шалгуулагч этгээдээр гарын үсэг зуруулж авдаг болсон гэсэн үг. Мөн зөвлөн туслах үйлчилгээг илүү түлхүү явууллаа. Яагаад энэ үйлчилгээг чухалчлаад байна вэ, гэхээр ер нь мэргэжлийн хяналтын байгууллага гэдэг нь асуудал үүссэний дараа хяналт, шалгалт хийхээсээ илүүтэйгээр урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Тухайн байгууллага стандарт, норм, дүрэм, журмыг хуулийн дагуу мөрдөж байгаа эсэхэд урьдчилсан байдлаар хяналт тавьж, алдаа, оноо байгаа бол мэргэжлийн байцаагч нь сануулж хэлэх, зөвлөн туслах үйлчилгээг явуулдаг хэлбэр юм. Түүнчлэн бас нэгэн үр нөлөө ихтэй ажил хийгдсэн нь мэргэжлийн хяналтын байгууллага нь иргэдээс ирсэн гомдол болгоныг хүлээн авах бус манай байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлыг хүлээн авахаа больсон явдал.

Тухайлбал, тусгай зөв­шөө­рөл эзэмшигчдийн хоорон­дын маргааныг бид таслан шийд­вэр­лэхээ болиод байгаа. Учир нь тусгай зөвшөөрлийг манай байгууллага олгодоггүй. Тиймээс тухайн зөвшөөрлийг олгодог эрх бүхий байгууллагууд нь тухайн асуудлыг шийдвэрлэж байхаар болсон. Эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоог өнгөрсөн онд нэлээд сайн хэрэгжүүлж чадсан. Энэхүү тогтолцоо нь эрсдэлийг үнэлж, тухайн байгууллага, аж ахуйн нэгж, үйлчилгээ үзүүлэгч нарт ямар эрсдэл байна гэдгийг тодорхойлсоноор их, дунд, бага эрсдэлийн зэрэгт хуваан авч үзэн эрсдэл өндөртэй газруудад байнгын хяналт тавих, дараагийн хяналт шалгалтын хугацааг тогтоох гэх мэтээр ажиллаж байна.

-Өнгөрсөн онд танай бай­гуул­лагаас зөвлөн туслах үйлчилгээг эр­чимтэй зохион байгуулсан. Тэгвэл ажлын үр дүн ямар төв­шинд гарсан талаар судалгаа хийсэн үү?
-Манайд Эрсдэлийн удирдлага, стратеги төлөвлөлтийн газар гэж бий. Тус газраас бүхий л судалгаа, төлөвлөлт, дүгнэлтүүдийг Монгол Улсын хэмжээнд хийж байгаа. Бид эрсдэл хаана байна гэдгийг зөв тодорхойлж чадсанаар байндаа туссан хяналтыг хийх боломж бүрдэж байгаа гэсэн үг. Мөн бид эндээс ирээдүйд юу хийх ёстой вэ гэдэг төлөвлөлтүүдээ гаргадаг. Өнгөрсөн оны хувьд манай хяналтын газрууд сар болгон аян зарлаж, өрнүүлж байсан. Ер нь манай улсын нийт иргэдийн дийлэнхэд нь “хэрэглэгчийн мэдлэг боловсрол”-ын төвшин тааруу байгаад байна. Тухайлбал, гар дээрээс худалдаалагдаж байгаа бүтээгдэхүүнийг ямар ч эргэлзээгүйгээр шууд худалдан авч хэрэглэдэг.

Зуны улиралд буюу 30 хэмийн халуунд, өдөржин гадаа дэлгээтэй байгаа бүтээгдэхүүн буюу төрөл бүрийн амархан мууддаг жимс жимсгэнэ, өндөг зэргийг шууд аваад л хэрэглэдэг. Энэ нь тухайн хүн өөрийгөө өөрөө хордуулж байгаа хамгийн эхний хэлбэр. Тиймээс иргэн болгон өөртөө хяналт тавьж, эрүүл амьдрах орчноо бүрдүүлэхийн тулд хувийн хяналттай байх ёстой гэсэн үг. Өөрөөр хэлбэл, “Мэргэжлийн хяналтын байгууллагын хэдэн байцаагч нараас боллоо”, “Та нар хяналт тавиагүйгээс болж миний бие хордчихлоо” гэж гомдол гаргахаасаа өмнө хувь хүн бүр өөрийгөө хамгаалах, хэрэглэгчийн тодорхой хэмжээний боловсролыг эзэмшсэн байх нь чухал байгаа юм. Тиймээс зөвлөн туслах үйлчилгээг байнга хийж байх нь урьдчилан сэргийлэх талд илүү үр дүнтэй байж чадаж байгаа юм. 

-Энэ жил хяналт шалгалт хийх байгууллагуудын нэрсийг зарлачихсан уу?
-Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.1 дүгээр заалтын дагуу өмнөх жилийн арванхоёрдугаар сарын 01-ний дотор дараа жилийн хя­налт шалгалт хийх бай­гуул­лагуу­дын нэрсийг нийтэд зарладаг. Хуу­лийн дагуу бид өнгөрсөн оны арван­хоёрдугаар сарын 01-нд Монгол Улсын Шадар сайдаар батлуулан зарласан. Ингэж зарлахдаа энэ онд зөвлөн туслах үйлчилгээг 30 хүртэл хувиар нэмэгдүүлсэн. Энэ нь дээрх байгууллагуудаар зөвлөн туслах үйлчилгээг буюу аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх байдлаар ажиллахаар болсон гэсэн үг. Шадар сайд 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгохоор зарлалаа. Тиймээс ч хэрэглэгчид буюу ард түмнийхээ төлөө хяналтын байгууллага илүү их хичээж ажиллана.

-Энэ онд хийхээр төлөвлөж байгаа томоохон ажлуудаасаа онцлооч. Хоёр жилийн хуга­цаанд хэрэгжих дунд хугацааны төлөв­лөгөөг гаргаж байгаа гэсэн үү?
-Дунд хугацааны төлөвлөгөөг мэргэжлийн хяналтын байгууллага 2016-2018 он буюу хоёр жилийн үечлэлтэйгээр гаргаж байгаа. Монгол Улсын хэмжээнд хүн ардын эрүүл мэнд, аюулгүй орчинд ажиллах амьдрах эрх нь бүрэн баталгаажиж байх ёстой. Гэтэл жилээс жилд осол эндэгдэл буурахгүй л байна. Тиймээс бид осол, эндэгдэл юунаас болоод буурахгүй байна вэ гэдэг суурийг нь судалж байна.

Өөрөөр хэлбэл, дунд хугацааны төлөвлөгөөгөөр яг өнөөдөр Монгол Улсад хууль тогтоомжийн хүрээнд асуудал юу байна,  хүнсний аюулгүй байдал яагаад тодорхой хэмжээнд алдагдаад байна гэдэгт судалгаа хийгээд, судалгаан дээрээ үндэслэж, эрсдэлд суурилсан төлөвлөлтийг гаргаж байгаа. Тэгвэл энэ хүрээнд дунд хугацааны төлөвлөгөөнд тулгамдсан асуудлуудыг тодруулж гаргаж ирээд түүнд үндэслэн төлөвлөлтүүдээ гаргаж байна. Тухайлбал, экспорт, импортын бүтээгдэхүүний чанарын асуудал, гоц халдварт өвчин орж ирээд тархах аюул байдаг. Мөн энэ талын хяналт шалгалтыг цахим хэлбэрт бүрэн гүйцэд шилжүүлж амжаагүй байгаа асуудал байна.

Дэлхийн худалдааны байгууллагаас гаргасан “Бизнес эрхлэхүй” гэдэг судалгаа байдаг. Энэхүү судалгаанд Монгол Улсын гадаад худалдааны хил нэвтрүүлэх чадвар 169 дүгээр байрт явж байгаа. Энэ хил, гааль дээр хяналт шалгалтыг цахим хэлбэрт бүрэн гүйцэд шилжүүлж амжаагүй, биет үзлэгийн аливаа дарамт, хүнд суртал, чирэгдэл одоо болтол арилаагүй байгааг харуулж байна. Тиймээс бид хил, хорио цээрийн хяналтын газрынхаа дунд хугацааны төлөвлөгөөгөөрөө дамжуулаад хууль, дүрэм, журам бусад шаардлагатай тоног төхөөрөмжийн асуудал дээр үр дүн гарна гэж бодож байна.

-Дунд хугацааны төлөв­лөгөөнд барилга байгууламж болоод хүнсний аюулгүй байдлын асуудал тусгагдаж байгаа биз дээ?
-Улс орон хөгжихийн хэрээр барилга байгууламж ихээр бариг­даж байна. Тэр хэрээр дэд бүтцийн салбарт мөрдөгдөж байгаа, дүрэм, журам болоод хоо­рондын уялдаа холбоог сайж­руулах шаардлага нэн түрүүнд тулгамдаад байна. Түүнчлэн барилга бай­гуу­лам­жийг барихад ашиглаж буй техник, тоног төхөөрөмж нь хэвийн хэмжээний, найдвартай ажил­лагаа нь шаардлагын төв­шинд хүрдэггүй асуудлууд байдаг.

Мөн хүнсний аюулгүй байдлын чиглэлээр шинээр мөрдөгдөж байгаа хуулиудын хүрээнд шаардлагатай холбогдох дүрэм, журам, зааврууд нь төрийн захиргааны байгууллагуудаас одоо болтол батлагдан гараагүй байгаа гэх мэт олон асуудлууд байна. Бид дунд хугацааны төлөвлөгөөгөөр дамжуулан төлөвлөгөөтэй, дэс дараалалтай, стратегитэй ажиллана. Үүний дагуу 2018 он хүртэл тухайн хяналтын чиглэл бүрээр шат дараалсан осол эндэгдлийг бууруулах, стандарт мөрдөх тал дээр илүүтэй ахиц гаргана гэсэн бодолтой байгаа юм.

-Өнгөрсөн онд барилгатай холбоотой олон тооны осол гарсан. Энэ нь мэргэжлийн хяналтын байгууллага ажлаа муу хийснээс боллоо гэх сөрөг мэдээлэл их цацагдаж байсан. Ер нь эдгээр ослууд ихэнхдээ хэнээс, юунаас болоод гараад байна вэ?
-Мэргэжлийн хяналтын бай­гууллага ажиллагааныхаа төв­шинд шаардлага хангахгүй буюу стандарт бусаар баригдаж байгаа барилга, байшингуудыг барих үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээг авч байгаа. Тухайн барилгын компаниудын буюу аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг тухайн яам, харьяалах газруудад нь хүргүүлдэг. Гэтэл тусгай зөвшөөрлийг нь цуцлах эрх мэргэжлийн хяналтын байгууллага болоод улсын байцаагчид байдаггүй. Тиймээс зөвшөөрөл олгодог эрх бүхий байгууллагад нь хандахаас өөр арга байхгүй. Ер нь барилга дээр гараад байгаа ослуудын дийлэнх нь буюу 90-95 хувь нь тухайн ажилчдаас шалтгаалсан осол байдаг.

Мэдээж тухайн байгууллага зориулалтын бүсээр хангачихсан байхад ажилтан нь бүсээ бүслээгүй, хамгаалалтын шугам тавьсан байхад түүнийг даваад унах зэрэг тохиолдол их гардаг. Энэ нь үйлдвэрлэлийн осол гэдгээр бүртгэгдээд явдаг байх жишээтэй. Тиймээс барилгын салбарт гэлтгүй бүхий л салбарт ажиллаж байгаа ажилтан, албан хаагчид өөрсдийнхөө аюулгүй байдлын төлөө тухайн гаргасан дүрэм, журам, стандартыг чанд мөрддөг л байх хэрэгтэй гэсэн үг. Мэдээж аливаа байгааллага, хувь хүн шалгуулж, хянуулаад байх дуртай байдаггүй. Гэхдээ эцсийн дүнд мэргэжлийн хяналтын газрын бүх хяналт шалгалт хүний төлөө байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Монгол Улсын хувьд хяналтын тогтолцоог сайжруулахын тулд дэлхийн хөгжингүй орноос туршлага судлах шаардлага бий болов уу?
-Тийм шаардлага бий. Шаардлага бий гэдгийг ч гадны улс руу явж үзсэн хүмүүс харж байгаа байх. Тухайлбал, Европын холбооны улсуудад ресторанаар үйлчлүүлэхэд айх аюул харьцангуй бага байдаг. Учир нь тухайн ресторан хоол үйлдвэрлэхдээ түүхий эдээ чанартай гэж үзсэн нэг л нийлүүлэгчээс авдаг. Энэ нь эргээд эрсдэлгүй хоол, хүнсийг ард түмэндээ хүргэж байгаа хэлбэр. Түүнчлэн хяналтын зэрэг буюу A, B, C, мөн I, II, III  гэх мэтээр зэрэглэж, үнэлээд явчихдаг. Дээд зэргийн ресторан буюу тухайн улсынхаа мэргэжлийн хяналтын байгууллагаас А зэрэглэлийн зөвшөөрлийг авсан байгууллага эрүүл, аюулгүй хүнсээр байнга үйлчилдэг. Гэтэл манай улсад хяналтын зэрэглэл гэдэг зүйл байхгүйн зэрэгцээ хаана хүнсний ногоо хямдарч байна тэндээс л нийлүүлэлтээ хийдэг байх жишээтэй.

-Тэгвэл манайд үйл ажиллагаа явуулж буй рестораныг хяналтын байгууллагаас ямар дүн авсан гэдгийг мэдэх ямар ч тогтолцоо байхгүй гэсэн үг үү?
-Иргэд өөрсдөө хяналт тавих боломжийг бүрдүүлэх системийг гаргаж ирэх шаардлагатай байгаа. Өнөөдөр эрсдэлийн зэрэглэлээр нь их, дунд, бага гэж ангилж байгаа. Гэтэл тухайн ресторан мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтад хамрагдаж ямар төвшинд үнэлэгдсэн эсэхийг үйлчлүүлэгчид нь мэдэх систем байхгүй. Харин үүнийг гаргадаг болчихвол нэг талаараа иргэд өөрсдөө хяналтаа тавьдаг болно гэсэн үг. Ер нь хөгжингүй орнуудын хувьд хяналтын төвшин нь яаж яваад байна вэ гэхээр хяналтын байгууллагууд нь ажиллахын зэрэгцээ иргэд нь өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө бүх зүйлийг давхар хянаад явчихдаг. Бид хяналтын зэргийг бий болгох хүрээнд ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Хууль эрх зүйн орчинд зөрчилдөх зүйл бас байна. Гэхдээ гаргалгааг нь гаргаад, журмыг нь  боловсруулаад хийх бололцоо бий.

-Ер нь мэргэжлийн хяналтын байгууллага нэгдсэн тогтолцоонд орсны давуу тал нь юу байсан гэж хардаг вэ?
-2003 оноос хяналтын нэгдсэн тогтолцоонд ороод явж байгаа нь олон давуу талыг бий болгосон. Тухайлбал, аж ахуйн нэгж, хэрэглэгч буюу ард түмэнд очиж байгаа ачаа эрс багассан. Өмнө нь нэг иргэн хилээр орж ирэхдээ дөрвөн шатны хяналт шалгалтаар дамжлагаар дамжиж, орж ирдэг байсан. Тэгвэл мэргэжлийн хяналтын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэнээр ганцхан шалгалтаар хилээр орж ирдэг болсон.

Хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага байлаа гэхэд эрүүл ахуйн, мал эмнэлгийн, үйлдвэрлэл үйлчилгээ гээд 3-4 давхар шалгалт очдог байсан. Гэтэл одоо бол ганцхан шалгалт очдог болсон. Түүнчлэн мэргэшсэн улсын байцаагчдыг нэгдсэн системд оруулж өгснөөр тухайн шалгалтууд системтэй болсон. Энэ нь эргээд тухайн хүний амьдрах орчинд үүсэх эрсдэл юу байна, эрүүл амьдрах баталгаа бий юу гэдэгт шинжлэх ухааны үндэслэлтэйгээр эрсдэлийн үнэлгээний систем бий болж байгаа.

-Зарим хүмүүст нэгдсэн тогтолцоог салгах сонирхол их байх шиг байдаг. Тухайлбал, санхүүгийн хяналтыг салгасан нь давуу талтай байж чадсан уу?
-Нэгдсэн тогтолцоог задлах нэг л сонирхол байгаа гэж хардаг. Энэ нь хяналтыг задлах буюу хувийн эрх ашгийн төлөө үйлчлэх үйлчлэлийг ихэсгэж байгаа хэрэг. Өнөөдөр санхүүгийн хяналт шалгалтыг мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтаас салгасан. Ийнхүү санхүүгийн хяналтыг салгаснаар олон сөрөг зүйл бий болж байгаа. Тухайлбал, улсын хөрөнгийг идэж уусан, хэдэн тэрбумаар нь залгичихсан гээд хэвлэл мэдээллээс авахуулаад бүр АТГ-аас ч зарлагдаж байгаа мөнгөн дүнгүүдийг харахад ямар том тоо яригдах болсон билээ. Байгууллага болоод хувь хүний “идсэн, уусан” гэх мөнгөн дүн хэдэн зуун тэрбумаараа яригдах болсон.

Гэтэл мэргэжлийн хяналтын байгууллага өөрөө нэгдсэн тогтолцоондоо санхүүгийн хяналтыг байлгаж байсан бол ийм асуудал гарах уу, үгүй юу. Ер нь хяналт шалгалтыг салгаснаар тухайн эрх бүхий албан тушаалтнуудад л давуу байдал үүсгэдэг. Харин хэн хохирох вэ гэвэл ард түмэн буюу аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчид л хохирч үлдэнэ. Тиймээс хяналтын тогтолцоог салгах нь тийм зөв шийдэл биш.

Ж.Отгон
Эх сурвалж: mminfo.mn

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш