logo
Себастиан Берсик: Монгол Улс итгэл даах чадвараа хөрөнгө оруулагчдад нотлон харуулах хэрэгтэй

Себастиан Берсик: Монгол Улс итгэл даах чадвараа хөрөнгө оруулагчдад нотлон харуулах хэрэгтэй

2016/02/18

ГХЯ, Конрад-Аденауэрын сангаас хамтран зохион байгуулсан “АСЕМ-д бэлтгэх нь” сэдэвт семинарын хөтөч багш, ХБНГУ-ын Бохум дахь Руурын их сургуулийн доктор профессор, ноён Себастиан Берсиктэй ярилцлаа.

- Танд энэ өдрийн мэнд хүргэе. Монголд ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу. Анх удаа ирж байна уу?

- Би Монгол Улсад хоёр дахь удаагаа ирж байна. Европ хүний хувьд Монгол орныг түүх, соёл, өв уламжлалаараа маш их онцлогтой орон гэж боддог. Долоон жилийн өмнө анх ирж байсантай харьцуулахад Улаанбаатар хот маш их өөрчлөгдөж, эдийн засгийн хөгжлөө дагаад өнгө үзэмж, барилга байгууламж нэмэгдэн, богино хугацаанд орчин үеийн хэв маягаа олжээ. Мэдээж үүний хажуугаар хотжилттой холбоотой утаа гэхчлэн асуудлууд байна. Ямартаа ч Монголд ирсэндээ баяртай байна.

- Монголд ирсэн энэ удаагийн зорилго тань юу байв?

- Би Конрад-Аденауэр сангийн урилгаар, Монгол Улсын ГХЯ-тай хамтран, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны ажилтнууд болон АСЕМ-ын улс хариуцсан мэргэжилтнүүдэд зориулж Дээд түвшний уулзалтыг хэрхэн зохион байгуулах, судалгааны болон зохион байгуулалтын бэлтгэл ажилд юуг голлон анхаарах талаар сургалт хийхээр ирсэн. Мөн хурлаар хэлэлцэх асуудлын агуулга болон уулзалтаас гарах баримт бичгүүдийн талаар санал солилцлоо. Сургалт маань амжилттай боллоо.

- Энэ чиглэлээр судалгаа хийдэг хүний хувьд АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах нь Монгол Улсад ямар ач холбогдолтой вэ?

- АСЕМ нь Ази тивийн 21, Европын 30 улс, хоёр олон улсын байгууллагыг нэгтгэсэн 2 жил тутам зохиогддог Засгийн газар хоорондын яриа хэлцээ, хамтын ажиллагааны албан бус үйл явц. Нэг гишүүн улс 100 жилийн давтамжид нэг л удаа энэ уулзалтыг зохион байгуулах боломжтой гэсэн үг. Зохион байгуулагч орны хувьд Ази-Европийн ирээдүйн хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход зонхилох үүрэг гүйцэтгэх давуу талтай. Монгол Улс хэвлэл мэдээллийхний халуун цэг болж, дэлхий нийтийн анхаарлыг татна. Иймээс танай орны улс төр, нийгмийн нөхцөл байдлыг дэлхий даяараа ажиглах боломжийг ашиглан онцлох байр суурь, ашиг сонирхлоо илэрхийлж, давуу талаа сурталчлан хөрөнгө оруулагчдыг татах боломжтой. АСЕМ-ын 20 жилийн ой давхцаж байгаа нь бас нэг онцлог юм.

- Хөрөнгө оруулагчдыг татахын тулд манай улс АСЕМ-ын үеэр ямар бодлого баривал зохилтой вэ?

- Хөрөнгө оруулагчдыг татахад итгэл хүлээх чадвар, хөрөнгө оруулах эрх зүйн орчноо бататгах, түүнийгээ нотлох харуулах нь хамгийн чухал байдаг. Монгол орон эдгээрийг бүрэн хангасан гэдгээ дэлхий нийтэд сайтар ойлгуулж, сурталчлах хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд Евро-Азийн эдийн засгийн хамтын харилцаа удааширч байна. Монгол улс геополитикийн хувьд олон улсын чухал тоглогч тул уулзалтын үеэр эдийн засгийн хамтын харилцааг сайжруулах талаар дээд хэмжээний зочдод шууд хэлэлцүүлэг хийх, шийдвэр гаргах хөрс суурь бүрдэх боломжийг бий болгож болно.

- Энэ үеэр монголчууд сонирхлоо илэрхийлэх давуу эрхтэй гэсэн үг үү?

- Тиймээ, АСЕМ-ын уулзалт нь ажил хэргийн гэхээсээ албан бус, чөлөөт маягаар явагддаг онцлогтой. Гэхдээ агуулгын хувьд маш чухал хэлэлцүүлгүүд өрнөдөг. Зохион байгуулагч орны хувьд олон талын давуу эрхтэй байдаг. Дээд хэмжээний уулзалтаас гадна Ази, Европын бизнесийн чуулга уулзалт, АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалт зэрэг дагалдах 9 хурал болно. Эдгээр хурлуудад улс орныхоо байр суурь, ашиг сонирхлоо эдийн засаг, улс төр нийгмийн хүрээнд илэрхийлэх боломжтой. Түүнчлэн Дээд хэмжээний уулзалтаас гарах үр дүнгийн баримт бичигт агуулгад тодорхой хэмжээний байр сууриа оруулах боломжтой.

12656006_10206793468654298_573135062_o

- Дээд хэмжээний уулзалт болон дагалдах хурлуудыг зохион байгуулахад юуг голлон анхаарах хэрэгтэй гэж Та зөвлөх вэ?

- Юуны түрүүнд агуулгын хувьд төлөөлөгчдөд өөрийн орны онцлог давуу тал, зочломтгой байдлаа маш сайн харуулж, эерэг сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй. Мөн дээр хэлсэнчлэн геополитикын чухал байршлаа ашиглан Евро-Азийн эдийн засгийн хамтын ажиллагаанд гүүр болохоо тодотгон, худалдааны чөлөөт бүс зэрэг улс төр, эдийн засгийн интеграцийн олон талын арга хэмжээг авах хэрэгтэй. Уулзалтаар хоёр тивийн улсуудын дээд хэмжээний төлөөлөгчид ирэх тул тэдгээрийг тодорхой хугацаанд дэлхий нийтийн асуудлаас хөндийрүүлж, хоёр тивд тулгамдаж буй асуудлаар хэлэлцэхэд төвлөрсөн, нэгдмэл нөхцлийг бүрдүүлэх нь маш чухал.

- Таны харж байгаагаар Монгол Улс АСЕМ-ыг зохиоход хэр бэлэн байна вэ?

- Бэлэн үгүйг хэмжих хэмжүүр олон байх. Мэдээж хэрэг дэлхийн хэмжээний томоохон уулзалтыг зохион байгуулна гэдэг амаргүй даваа. Танай улсын тухайд дэд бүтэц, зохион байгуулалтын олон асуудал тулгарч байгааг ойлгож байна. Энд ирээд монголчууд бүхий л боломжоо дайчлан, эрвийх дэрвийхээрээ бэлтгэж байгааг харлаа, сэтгэгдэл маш өндөр байна.

- АСЕМ-ын уулзалтад гишүүн 51 орон, хоёр олон улсын байгууллагаас гадна хараахан гишүүн болоогүй зарим орны төлөөлөгч, шийдвэр гаргах түвшний хүмүүс ирэх төлөвтэй байгаа. Тиймээс Евро-Азийн эдийн засгийг сэргээхтэй холбоотой асуудалд манай улс ямар байр суурьтай оролцвол үр дүнтэй бол?

- Сүүлийн жилүүдэд худалдааны зарим асуудлуудаас болж Евро-Азийн эдийн засгийн хамтын ажиллагаа нэлээд удааширсаныг дээр хэлсэн. Орон орны тэргүүлэгчид Монголд цугларах боломжоо ашиглан тухайн улсын тэргүүлэгчид хоорондоо энэ асуудлыг шийдэхийн тулд ямар ажил хийж болох талаас нь шууд харилцаж, хэлэлцүүлэг өрнүүлэх нь хамтын харилцаанд ахиц авчрах байх гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, АСЕМ-аар улс орнууд шууд харилцах нөхцөл бүрдэж байгаа.

- Таньд баярлалаа, цаашдын ажилд Тань амжилт хүсье.

- Баярлалаа, Монгол орон энэ эрчээрээ ажиллавал АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулж чадна гэдэгт итгэлтэй байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш