logo

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа

2016/02/19

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг нийтэллээ.

Энэ хуулийн дагуу,

· Гэмт хэрэг, ял, албадлагын арга хэмжээг энэ хуулиар тодорхойлно.

· Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй.

· Үйлдэл, эс үйлдэхүйг шинээр гэмт хэрэгт тооцсон, шинээр ялын төрөл, хэмжээг тогтоосон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль энэ хуулийн бүрэлдэхүүн хэсэг болно.

· Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын  хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.

· Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно гэсэн хууль ёсны зарчмыг,

· Ял, албадлагын арга хэмжээ нь тухайн хувь хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон байна.

·  Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй.

· Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь ял оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ. Ял, албадлагын арга хэмжээг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй.

· Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдсэн бол тухайн хүнийг ялаас чөлөөлж, хуулийн этгээдэд ял оногдуулна.

· Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн шударга ёсны зарчмыг,

· Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд ял оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.

· Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол үйлдэл, эс үйлдэхүйд ял оногдуулахгүй, албадлагын арга хэмжээ хэрэглэхгүй.

· Хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө ял оногдуулахгүй, албадлагын арга хэмжээ хэрэглэхгүй гэсэн гэм буруугийн зарчмыг тус тус баримтлах ажээ.

Хуульд Эрүүгийн хууль Монгол Улсын нутаг дэвсгэрт болон нутаг дэвсгэрийн гадна хэрхэн үйлчлэх, хууль үйлчлэх цаг хугацаа, гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа ямар байх, ямар тохиолдолд хууль буцаан хэрэглэх зэргийг хуульчилж өгсөн байна. Мөн гэмт хэргийн ойлголт, шинж ямар байхаас гадна энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заажээ . Гэмт хэрэг хамтран үйлдэх, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал, ялын зорилго, төрөл, ял оногдуулах, чөлөөлөх үндэслэл, журам, тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, өсвөр насны хүнд ял оногдуулах, хуулийн этгээдэд ял оногдуулах асуудлыг тус бүр нарийвлчан хуульчилсан байна.

Түүнээс гадна хүний амьд явах эрхийн эсрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг, хүний хувийн, улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг, эрүүл мэндийн эсрэг, хүүхдийн эсрэг, өмчлөх эрхийн эсрэг , үндэсний аюулгүй байдлын эсрэг, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг, нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг, хүрээлэн байгаа орчны эсрэг, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг, хүн төрөлхтөний аюулгүй байдал, энх тайвны эсрэг зэрэг гэмт хэргийг тусгай бүлгээр зохицуулжээ.

Энэ хуулийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Мөн дугаарт энэ хуулийг дагалдаж гарсан бусад хуулийг нийтэллээ.

Эмхэтгэлд Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиас гадна Эрүүл ахуйн тухай хуулийг холбогдох бусад хуулийн хамт нийтэллээ.  

· Хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн байгаа орчны хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах, арилгахтай холбогдсон харилцааг зохицуулахад  энэ хуулийн зорилт оршиж байна.

 Тус хуулиар, хүрээлэн байгаа орчинд, хот төлөвлөлт, барилга байгууламжид, ажлын байранд, үйлдвэрлэл, үйлчилгээнд, түүхий эд, бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэлд тавих эрүүл ахуйн шаардлагыг нэгбүрчлэн хуульчилж өгсөн байна. Түүнчлэн эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ болон эрүүл ахуйн хяналт, тандалтыг хэрхэн хийх, эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулах талаар нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг дарга, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүлээх эрх, үүргийг тодорхойлж өгсөн байна.

Эмхэтгэлд нийтлэгдсэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд, тухайлбал,

· “бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч” гэж 50 хүртэл сая төгрөгийн үйлдвэрлэлийн хөрөнгө, эсхүл үйлчилгээний борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэнийг.”

· “Энэ хуулийн 22.1.7-д заасан төлбөрийг тухайн орлогыг бүрдүүлсэн орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд зарцуулна.” гэсэн агуулгатай хэсэг, заалт нэмсэн байна.

Эмхэтгэлд нийтлэгдсэн Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд, тухайлбал,

· "Тавиас дээш ажилтантай аж ахуйн нэгж суралцагчийн үйлдвэрлэлийн дадлагын ажлыг зохион байгуулж, удирдан чиглүүлэх үүрэг бүхий дадлагажуулагч багш ажиллуулна.”,

· “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага өөрийн үйл ажиллагаанаас орлого олох, зарцуулах, тайлагнах журмыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.” гэсэн агуулгатай зарим хэсэг, заалт нэмсэн байна.

 Эмхэтгэлд Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэллээ. Энэ хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг “2017 оны 01 дүгээр сарын 01-ний” гэж өөрчилжээ.

Эмхэтгэлд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус нийтэллээ.

Эмхэтгэлд Улсын Их Хурлын зарим тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг тус тус нийтэллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш