Европын сэргээн босголт хөгжлийн банк, "Financial Times" сонин, Туркийн Танхимуудын холбооны хамтран зохион байгуулсан Төв Азийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт Туркийн Истанбул хотноо 2016 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр болов. Чуулга уулзалтыг нээж Туркийн Ерөнхий сайдын орлогч Мехмет Шимшек, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгч Сума Чакрабарти, Туркийн Танхимуудын холбооны дэд ерөнхийлөгч Али Копул нар үг хэллээ.
Чуулга уулзалтад Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан болон Монголын төр засгийн ба бизнесийн төлөөлөгчид оролцсон бөгөөд гадаад, дотоодын олон илтгэгч хэлсэн үгэндээ Монголын Оюу толгой, Таван толгой, шинэ цахилгаан станц зэрэг томоохон төслүүдийг сонирхож, тэдгээрт оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв.
Тус чуулга уулзалтын гол хэлэлцүүлэгт “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан тавьсан илтгэлдээ 2015 онд Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг шийдвэрлэсэн нь манай улсын бизнес, хөрөнгө оруулалтын орчинг тогтворжуулж сайжруулах, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, уг төсөлд оролцох олон компанийн ашиг орлогыг өсгөх, ажлын байр нэмэгдүүлэх, шинэ технологи, бизнесийн олон улсын стандартыг нэвтрүүлэх ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэсэн байна.
Энэ үеэр Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг болон Истанбул хот дахь Монгол Улсын Ерөнхий консул Э.Мөнх-Очир нар уг уулзалтад оролцсон МҮХАҮТ-ын болон бизнесийн төлөөлөгчидтэй уулзаж, Монгол, Туркийн эдийн засаг, худалдааны харилцааг хөгжүүлэх асуудлаар ярилцав.