logo
Багш аа, хичээлээ заа!

Багш аа, хичээлээ заа!

2016/02/22

Чонон орчинд өссөн хүний хүү Шаалуу чоно болдог үлгэр бий.  Энэ үлгэр үнэн мэт санагдах нь бас хааяа хааяа бий. Үнэн мэт санагдах энэ л  үлгэр  ёсоор чонон цагийн багш чоножиж байна. Чоножилтоо зогсоо, багш аа. Хичээлээ заа.

Чонон цагийн багшийн хичээл гэгчийг нэг сайн ажигла. Самбарт хэдэн тэмдэгт сараачаастай. Багш суугаастай. Гар нь утастайгаа зууралдаастай. Тархи нь фэйсбүүкэд хадаастай. Хааяа хааяа хүүхэд рүү хялаагаастай, хуяглаастай. Эцэг эх, энгийн нэгэнд тэр их л томроостой. Сайд, дарга, захиралд тэр тун долигоноостой, сөхрөөстэй. Хүүхдэд гэрийн даалгаврыг тэр хэдэн арван хуудсаар нь хэмжээ хязгааргүй өгөөстэй. “Хүүхэд өөрөө мэдлэгээ бүтээдэг болсон” гэх хийрхлийг тэр тоть шиг мөн л давтаастай. Түүгээрээ бүр өөрийнхөө өөдгүйг бас  хамгаалаастай.  Хүн бүр авьяастай, түүнийг нь л хөгжүүлж байна гэж тэр байнга хэлээстэй.  Хүүхэд чинь шалгалтад муу авсан гэж их л додигор, бахархалтайгаар эцэг эхийг дээрэлхэн харьцаж, гарын үсгийг нь байнга авч архивлаастай. Хичээлийн ийм л нэг дүр зураг өдөр бүр харагдана, тэнд.  Багшийн ийм л нэгэн чоножилт эгшин бүхэнд үзэгдэнэ, энд.  

Сурлагын хоцрогдлыг долоо хоногт арилгана.  Ийм зар сургуулийн эргэн тойронд их өлгөөстэй. Төлбөр төлчих айлын хаалганд байнга уяастай. Энэ зарын цаана харин багшийн хувийнх нь сургалтын төв ажиллаастай. Багш өөрөө тэнд хичээнгүй багшлаастай. Тэнд харин сурлагын хоцрогдол долоо хоногийн дотор арилаастай. Тэнд  хийрхэлгүй, харин чинхүү тэр хийгээстэй. Багшийн тийм нэгэн төв энд, тэндгүй ажиллаастай. Багшийн ийм л нэгэн чоножилт мөч бүрт ажиглаастай. Чонон цагийн багш гэгч ингэтлээ их чоножисон байх.

Багш, багш, багш. Энэ хэмд нартад ганцхан гайхам, сайхан үйлсийн эзэн тодорч харагдана, хайрлаж мэдрэгдэнэ. Гайхам, сайхан багш мэргэжлийн сайхан, гайхам нь угтаа “өөрийгөө бус харин өрөөлийн төлөө” гэсэн түүний сэтгэлд нь оршдог.  Бас “өөртөө бус харин өрөөлд өгсөөр өгсөөр амьдарч, өгсөөр өгсөөр оддог”  энд их энгийн, тэнд тун энгүй хувь зохиолд нь байдаг. Чонон орчинд өссөн хүний хүү чонын хүү Шаалуу болдог тийм нэгэн үлгэр байдаг нь үнээн.

Энэ үлгэр ихэнх хүнд үнэн мэт санагддаг нь бас үнээн.  Гэвч, юугаар ч үнэлэшгүй эрхэм ухааныг түгээгч,  юутай зүйрлэшгүй үнэнд хөтлөгч, түнэр харанхуйн дунд асах ганц зул мэт соён гэгээрүүлэгч багш, багш, багш,  Та чонон орчинд байлаа ч чоножиж үл болно оо.  Багш аа, сэтгэлээ шинж. Багш аа, хувь зохиолоо дага. Багш аа, гэгээн үйлсээ үргэлжүүл. Хичээлээ заа, Багш аа.

2016 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш