logo
Д.Баатаржав: Рио-де-Жанейрогийн олимпийн дараа би албан ёсоор зодог тайлна

Д.Баатаржав: Рио-де-Жанейрогийн олимпийн дараа би албан ёсоор зодог тайлна

2016/02/22

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Дамбадондогийн Баатаржавынд зочиллоо. Манай улсын тамирчид 1964 оны Токиогийн олимпод оролцож эхэлснээс хойш 44 жилийн дараа буюу 2008 оны Бээжингийн олимпийн наадамд аваргуудаа өлгийдсөн нь саяхан мэт санагдана. Энэхүү баярт үйл явдлын гэрч бол паралимпийн байт харвааны төрөлд өрсөлдөж, алтан медаль хүртсэн Д.Баатаржав билээ. Түүнтэй утсаар холбогдож, гэрт нь урилгагүй зочин болж очихоо мэдэгдэхэд “Монгол хүн байна даа, ирье гэж байгаа хүнийг цаашаа гэдэггүй юм” хэмээн инээгээд “Би одоо гадуур явж байна. Харих болохоороо эргээд яръя” хэмээн утсаа салгав.

Хэдэн цаг түүнийг залгахыг хүлээсэн ч хариу байдаггүй ээ. Хэвлэл мэдээллийн бид тухайн ярилцагч хүнээ зөвшөөрүүлсэн л бол алдахгүйг хичээнэ.

Нэлээн удсан ч дуудлага ирсэнгүй. Тиймээс өөрөө дахиж утас цохилоо. Тэгсэн мань хүн “Өөр рүү чинь залгахаа мартжээ. Би одоо хүүгийнх рүүгээ явж явна. Тэнд хүрээд ирэх үү” гээд гэрийнх нь хаягийг зааж, миний дотрыг онгойлгов.

Бид ч удаж төдөлгүй такси хөлөглөн түүний байгаа газар руу зүглэлээ. Хаалгыг нь тогшиход гэр бүлийнх нь хүн биднийг угтан авлаа. Амар мэндийг нь эрэнгээ, “Баатаржав гуайнх мөн үү” гээд зорьж ирсэн айлаа баталгаажуулан асуухад “Мөн, мөн. Сэтгүүлчид үү. Наашаа ор” гээд уриалгахан угтав.

Биднийг гадуур хувцсаа тайлж байх үед тэрбээр цаад талынхаа өрөө рүү шагайж “Баатараа хүмүүс ирлээ” хэмээн дуулгав. Бид ч эхнэрийнх нь заасан өрөө рүү орж, дөнгөж суугаад байхад Д.Баатаржав гуай бараг орж ирээгүй байж түрүүлээд мэндлэх нь гавшгай, овсгоотой зантайгаа илтгэнэ. Түүний араас жаахан хүү, охин орж ирлээ. Хүү нь дөнгөж хөлд орж байгаа бололтой. Тэрбээр “Манай охины хоёр байгаа юм. Өвөөгийн бурханууд л даа” гээд хүүг нь өвөр дээрээ, охиноо дэргэдээ суулгав. Энэ зуураа “Хүүхдүүд манайхаар байнга ирнэ. Хөгшин бид хоёр ч эд нартайгаа бужигналдаад суухыг илүүд үзнэ” гээд өвөр дээрх хүүгийнхээ толгойг үнэрлэлээ.

Түүний гэр бүлийн хүнийг Д.Урантэгш гэдэг. Тэд Б.Бэрцэцэг, Б.Золбоо гэх охин, хүү хоёртой. Б.Бэрцэцэг нь улстөр судлаач, санхүүч мэргэжилтэй бол хүү нь байт харвааны “Добу мэргэн” клубт дасгалжуулагчаар ажилладаг. Биднийг үүх түүх ярилцаж байх үед Б.Бэрцэцэг нь цай, хөнгөн зууш өмнө тавиад зэргэлдээх өрөө рүүгээ оров. Бидний ярилцлагад саад болохгүйг хичээж байгаа бололтой. Харин хүү нь үе үе орж ирж хүү, охиноо сахилтгүйтэж байгаа эсэхийг шалгах мэт ажиглаад гарна.

Бидний ярианы сэдэв аавынх нь талаар эхэллээ. Тэрбээр “Хүн бүхэн аав, ээжийнхээ тухай чин сэтгэлээсээ ярьдаг. Миний аав Монгол Улсын начин цолтой, анчин хүн байсан. Зарим хүн аавыг барилддаг гэхээс нь илүү сайн анчин гэж хүндэлдэг байлаа. Учир нь тухайн үед манай улс анчдын төв зөвлөлтэй болж, мэргэшсэн төлөвлөгөөтэйгээр анчдаар ан хийлгэдэг байсан юм. Тэдний дунд аав минь зүй ёсоор орж байлаа. Тэдгээр анчин улсад тэдэн тооны тарвага, чоно, гахай хэрэгтэй байна гэснийг биелүүлж өгнө. Шууд хэлэхэд бэлтгэн нийлүүлэлтийн үүргийг гүйцэтгэдэг байсан гэсэн үг л дээ. Мөн гадаадынхны хүссэн амьтдыг агнаж өгнө” гээд ан хийж явсан үеийнх нь тухай яриад өндөрлөх маягтай болов.

Тэгэхээр нь та спортынх нь амжилтын тухай яриач гэхэд “За даа гэснээ “1951 онд Завхан аймгийн Идэр сумын харьяат, Монгол Улсын арслан “урт гарт” хэмээн алдаршсан М.Лхагваар тав давж, начин цолны эгнээнд багтсан юм билээ. Гэхдээ өөр олон номонд янз бүрээр л бичигдсэн байгаа харагдсан. Энэ бол миний л олж мэдсэн зүйл шүү” гээд инээмсэглэв. Та ааваасаа энэ тухай лавлаж байгаагүй юм уу гэхэд “Үгүй. Аав маань ч бидэнд “Би ингэж явсан” гэдэггүй байлаа. Бид ч нэг их сонирхохгүй. “Барилгын яамны бахим хар” гэдэг нэртэй байсан. Улсын наадамд нэг л удаа барилдаад начин цол хүртсэн шиг байгаа юм. Дээхэн япончуудтай Туул голд салаар явдаг байсан болохоор тэр нь давхар бэлтгэл сургуулилт болдог байсан биз. Уг нь дээд боловсрол эзэмших хүсэлтэй байсан ч эсэргүүний хүүхэд гэсэн шалтгаанаар хасагдсан юм билээ” гэх зуураа өвөр дээрээ суулгасан хүүгээ буулгаж, аавд нь тэврүүллээ.

Дээрх зүйлсийн талаар ярих хооронд тэр жаахан хүүгийн нойр ч хүрсэн бололтой уйлагнасан тул ярианд саад болно гэсэндээ аавд нь өгсөн нь тэр л дээ. Д.Баатаржав гуай эхээс тавуулаа. Хамгийн том нь охин, бусад нь хүү. Олон хүүтэй айл ямар байдаг тэр л жамаар гэрээ буулгах шахаж байснаа сонирхуулсан. Тэрбээр “Хорвоод хэн хүчтэй нь амьдардаг хойно ах, дүүтэйгээ үзэлцдэг байлаа шүү дээ. Гэхдээ намайг аав, ах нар маань сайн хүмүүжүүлсний хүчинд өнөөдөр би өдий зэрэгтэй явна” гэв. Эгч нь Монголын төмөр замд машинистаар ажилладаг байсан юм билээ. Зуурдаар ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн гэдгийг ч хэлсэн. Том ах Баатарсүрэн нь Монголын үйлдвэрчний зөвлөлийн даргаар ажиллахын зэрэгцээ бокс тоглодог байсан бол удаах ах нь хувиараа ажил эрхэлдэг байсан аж. Гурав дахь хүү нь өөрөө бол бага дүү нь мөн л бокс тоглодог. Анчин аавын хүү, байт харвааны олимпийн аварга болоод ч тэр үү бууныхаа гол руу хээрийн салхи шургуулж, анд явах, биллярд тоглох дуртай гэнэ билээ. Ан хийдгээ тэр “Аавын минь “юм” надад үлдсэн болоод л энэ байх” хэмээн зөвтгөнө.  

Дараа нь “Дээхэн аав маань тарваганы баярт их явдаг байлаа. Би ч их дагасан. Эрчүүд л болсон хойно хааяа наргиж, хэн нь илүү онч мэргэн болохоо үзэх гэж нэлээн зайтай шүдэнзний мод зоочихоод бууддаг байсан. Надад ч “Овоо хараагаа байндаа ингэж чиглүүлэх ёстой. Гохоо ингэж дар” гэх мэтээр заасан болохоор би заримдаа бай бууддаг байв. Энэ мэтчилэн зүйлээс суралцсандаа чамлахааргүй буудах чадвартай болсон шүү. Тэгээд ч нутаг маань их нөлөөлсөн байх. Манай сумаас хамгийн олон мэргэн төрсөн. Анхны Хөдөлмөрийн баатар харваач ч бий. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Өлзийбаяр багшийн удирдлага дор би 1984-1989 оны хооронд буудлагын дугуйланд явсан. Хойд хөршид сурч байхдаа ахуйн осолд орж хөлөө гэмтээснээр 1989 оноос парагийн төрөлд байт харваагаар өрсөлддөг болсон. Тухайн онд Японд болсон хөгжлийн бэршээлтэй иргэдийн дунд зохиогдсон буудлагын тэмцээнд ч оролцсон” гэв.

Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу...

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш