logo
“Иргэдийн оролцоо” төслийн Олон нийттэй харилцах стратегийн баримт бичиг боловсруулсан баг тайлангаа танилцууллаа

“Иргэдийн оролцоо” төслийн Олон нийттэй харилцах стратегийн баримт бичиг боловсруулсан баг тайлангаа танилцууллаа

2016/02/24
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа “Иргэдийн оролцоо” төслийн Олон нийттэй харилцах стратегийн баримт бичгийг боловсруулсан зөвлөх үйлчилгээний багийн  тайлан танилцуулах үйл ажиллагаа өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов. Стратегийн баримт бичгийг олон нийттэй харилцах туршлагатай баг болох Монголын хэвлэлийн хүрээлэнгийн баг боловсруулан гүйцэтгэжээ.

Уг арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа “Иргэдийн оролцоо” төслийн нэгжээс Олон нийттэй харилцах стратегийн баримт бичгийн танилцуулга гэсэн зөвлөх үйлчилгээ зарласан. Уг баримт бичгийг хүлээж авахын өмнөх танилцуулгыг өнөөдөр сонсч байна. Энэ арга хэмжээнд зөвлөх үйлчилгээг гүйцэтгэж байгаа Монголын хэвлэлийн хүрээлэнгийн багийн гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд, Швейцарийн хөгжлийн агентлагийн төлөөлөгчид оролцож байна.

Иргэний оролцооны талаар Монгол Улсын Ерөнхийлөгч 2009 оноос хойш ярьж, үйл ажиллагааг нь эхлүүлэн судалж, түүний хамгийн анхдагч хэлбэр болох Иргэний танхимыг байгуулснаас хойш 7 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Иргэний оролцооны эрх зүйн орчинг бүрдүүлэх зайлшгүй шаардлага байсан. Энэ хүрээнд Швейцарийн хөгжлийн агентлагтай 2013 оноос төсөл хэрэгжүүлж 2015 онд дууссан.

Түүний 2 дахь шат болох энэ удаагийн төслийг иргэдийн оролцооны эрх зүйн зохицуулалт ямар байх ёстой юм бэ гэдэг талаар үр дүн гаргахаар хэрэгжүүлж байна. Энэ төслийг хэрэгжүүлэх явцад эрх зүйн орчин бүрдүүлэхийн өмнөх үед болон бүрдсэний дараа ямар хугацаанд үр дүнгээ өгөх вэ гэдэг талаар  шат шатанд нь судалгаа хийх, олон нийтэд хүргэх, мониторинг хийх зэрэг олон төсөл хэрэгжиж эхэлнэ. Ингээд хамгийн түрүүнд бэлэн болсон Олон нийттэй харилцах стратегийн баримт бичиг боловсруулсан тухай танилцуулгыг энэ удаа хийж байна.

Тун удахгүй эрх зүйн орчин бүрдүүлэх талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуульчид, эрх зүйчдийг сонгон шалгаруулж ажилдаа орох гэж байна.

Олон нийтэд мэдээлэл хүргэх, иргэдийг зөв мэдээллээр хангах талаар бид ач холбогдол өгч ажиллаж байгаа. Энэ талын баримт бичгийг гүйцэтгэсэн Монголын хэвлэлийн хүрээлэнгийн хамт олны танилцуулгыг энэ удаа сонсох гэж байна” гэлээ.

Үүний дараа Монголын хэвлэлийн хүрээлэнгийн захирал Мөнхмандах танилцуулга хийлээ. Танилцуулгад иргэдийн оролцоог идэвхжүүлэхэд олон нийтийн харилцаа, хэвлэл, мэдээллийн байгууллагуудын гүйцэтгэх үүрэг, сүүлийн жилүүдэд интернэт орчинг хэрэглэгчид хот, хөдөөд хурдацтай олширч байгааг түшиглэн мэдээллийг хэрхэн шуурхай хүргэх, орлого багатай иргэд, алслагдсан хөдөөгийн хүн ам, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг зорилтот бүлэгт хэрэгцээт мэдээллийг хэрхэн дамжуулах зэрэг олон сэдвийг хөнджээ. Танилцуулгын дараа оролцогчид асуулт асууж, санал бодлоо илэрхийлцгээв.

Танилцуулгын төгсгөлд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй оролцогчдоос дэвшүүлсэн санал зөвлөмжийг тусган баримт бичигт эцсийн боловсруулалт хийж хүлээлгэн өгөхийг Монголын хэвлэлийн хүрээлэнгийн багийн гишүүдэд даалгалаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш