Ипотекийн зээл хэвийн олгогдох эрхзүйн орчинг нээгээд сар гаруй хугацаа өнгөрч байна. Зээлийн асуудал гацаанаас гарснаар орон сууцны зээлийн олголт зогсох хүртэл материалаа өгөөд байсан айл өрхийн зээлийг банкууд эхний ээлжинд олгоно гэдгээ мэдэгдсэн.
Монголбанкнаас энэ сарын 17-ны өдөр гаргасан мэдээлэлдээ орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 2.29 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 42085 иргэнд 2.28 их наяд төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэснийг онцолсон юм.
Гэтэл сар шинийн баяраас хойш арилжааны банкууд “Монголбанкнаас санхүүжилт ирээгүй” гэсэн тайлбар хийж, зээл олгохгүй байгаа талаар иргэд мэдээлж буй. Өнөөдрийн байдлаар Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк хоёр зээлээ хэвийн олгож байгаа бол бусад нэр бүхий банкууд материалаа хүлээн авч, зээлээ шийдэж байгаа хэдий ч санхүүжилт хийгдэхгүй байгаа аж. Зарим банкууд зээлийн материал хүлээн авахгүй байгааг ч иргэд онцолсон.
Арилжааны банкуудаас энэ асуудлаар тодруулга авахад мөн нь л "Монголбанкнаас санхүүжилт орж ирээгүй байна. Эх үүсвэр байхгүй учир зээл олголт түр зогссон" гэх нийтлэг хариулт өгч буй юм.
Харин энэ асуудлаар Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн Хэвлэлийн төлөөлөгч Г.Баярмаагаас тодруулахад “Арилжааны банкуудад Монгол банкны зүгээс санхүүжилтийг нь хэвийн олгож байгаа. Гэхдээ хоёрдугаар сард нэр бүхий хэд хэдэн банкууд материалын бүрдүүлэлтээс үүдэн санхүүжилтээ авч чадаагүй. Банкууд дээрх асуудлаа шийдээд ирсэн тохиолдолд зохих журмын дагуу санхүүжилт нь шийдэгдээд явна” гэсэн хариултыг өгч байна.
Түүнчлэн арилжааны банкуудад өнгөрсөн оны 11 дүгээр сараас энэ оны нэгдүгээр сар хүртэлх зээлийн материалын төвлөрөлт үүссэнтэй холбогдуулан, шинээр материал хүлээн авахгүй байх талтайг онцолсон юм. Энэ нь арилжааны банкны дотоод журмын дагуу шийдэгдэх асуудал бөгөөд иргэдэд тодорхой заасан хугацаанд зээлийг нь шийдэж өгөх учиртай тул банкууд их төвлөрөл үүсгэхээс болгоомжилж буй бололтой.
Нөгөө талаас санхүүжилтээ өгч байгаа, санхүүжилт орж ирээгүй гэх хоёр талтай мэдээллийн хооронд байранд орохоор хүлээж буй иргэд хохирч, энэ нь барилгын компаниудын эдийн засагт ч хүндхэн тусаж буйг онцлууштай.
Ирэх сарын сүүлээр ипотекийн зээлийн хүүг таван хувь руу оруулах ажлыг эхлүүлнэ гэдгээ Монголбанкнаас мэдэгдсэн. Одоогоор бэлтгэл ажлууд бүрэн хангагдах түвшиндээ ирсэн гэж мэдээлж буй. Үүнтэй холбогдуулан МИК, Монголбанкны зүгээс таван хувийг эхлүүлэх үеэр мөнгөн хуримтлал ихтэй байх асуудалд анхаарч, найман хувийн санхүүжилтийг олгох асуудалд хойрго хандаж байгаа гэх хардлага ч явж буй юм.
Ж.Мядагбадам
Эх сурвалж: www.TODAY.mn