logo
Норвегийн эдийн засгийн төлөв байдал

Норвегийн эдийн засгийн төлөв байдал

2016/03/04

Дэлхийд газрын тосны экспортоор тэргүүлэгчдийн нэг, байгалийн хийгээр гуравдугаарт жагсдаг Норвеги улсын хувьд хамгийн гол эдийн засгийн үндсэн хөшүүрэг нь байгалийн баялаг гэж хэлж болно.  

Газрын тосны хамгийн том худалдан авагч АНУ занарын ачаар дотоодоос хэрэгцээгээ хангах зорилтыг хэрэгжүүлж эхэлсэн, мөн БНХАУ, Энэтхэг зэрэг хөгжиж буй улсын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд саарч буйтай холбогдуулан дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн огцом уналт нь ийнхүү Норвегийн эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийхэд хүргэж байна гэж Норвегийн Сангийн сайд Сив Женсен[1] 2015 оны 10 сард хэвлэлд өгсөн мэдээнд дурьджээ. Учир нь сүүлийн хориод жилийн туршид Норвегийн эдийн засгийн өсөлтийн оргил үе тохиож байлаа гэтэл 2015 онд газрын тосны борлуулалтын орлого 105.4 тэрбум доллар, 2011 онтой харьцуулахад 34,3 хувиар, 2014 онтой харьцуулахад 26.7 хувиар тус тус буурсантай шууд холбоотой байна. Мөн газрын тосны салбарын орлого үндэсний нийт орлогын 80 хувийг, нийт экспортын 44 хувийг, нийт ажлын байрны 98 хувийг бий болгодог байна.

Газрын тосны үнийн уналтаас үүдэн 2015 онд Норвегийн Засгийн газрын цэвэр мөнгөн урсгал 28 тэрбум доллар /228,7 тэрбум норвеги крон/ буюу 2014 оны мөн үеийнхээс 27 хувиар /7.5 тэрбум доллар/ орлого буурсан, 2016 онд газрын тосны салбараас нийтдээ 25 тэрбум доллар /204 тэрбум норвеги крон/ орлого Тэтгэвэрийн санд төвлөрөхөөр төсөвлөсөн байна[2].График-1 /Газрын тосны үнийн прогноз/

Норвегийн 1 баррель газрын тосны ашиг олох боломжит үнэ дундажаар 30$ /Sverdrup/, Barents Sea-гээс олборлож буй тосны үнэ 45$ орчим байхад дэлхийн зах зээл дээрх 1 баррель тосны үнэ 2014 оны 8-р сард 107$-оос өнөөдөр 34.66$ хүртэл буурсан нь тэдний ирээдүйн хуримтлал буюу Тэтгэврийн санд төвлөрүүлэх орлогод голлох нөлөө үзүүлж байна.

Мөн газрын тосны салбарт хийгдэж буй ажилчдын цалингийн түвшинг бууруулах, ажиллах хүчний тоог бууруулах зэрэг арга хэмжээний улмаас ажилгүйдлийн түвшин 3,5%-с 4,4%-д хүрсэн, хувийн хэрэглээ багасч инфляцийн түвшин түр хугацаанд 3%-д хүрсэн зэрэг эдийн засагт бага багаар нөлөөлөл бий болсоор байна.

Иймд Норвегийн Засгийн газрын зүгээс газрын тосны үнийн уналтаас үүсэх эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, цаашид урт хугацаанд шинэ арга замыг боловсруулах тусгай комиссыг  2014 оны 2-р сард байгуулав. Тус комиссын зүгээс гаргасан сүүлийн тайланд эдийн засгийн өсөлтийг хангах, тогтвортой өсөлтийг бий болгоход дараах үндсэн асуудлуудыг дэвшүүлэн гаргаж тавьсан байна. Үүнд:

  • Газрын тосны салбар нь урт хугацаанд өсөлтийг хангагч хөдөлгүүр байж чадахгүй /2050 он гэхэд газрын тосны салбараас олох орлого ДНБ-ний 1 хувиас ч бага байх тул/;
  • Байгалийн баялагт түшиглэсэн эдийн засгаас мэдлэгт сууриласан эдийн засаг руу шилжих бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай;
  • Бүх шатны судалгаа, шинжилгээний байгууллагын бүтэц зохион байгуулалтыг өөрчилөн суурь шинжлэх ухааны судалгаа, технологид түлхүү анхаарал хандуулах зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлээд байна.[3]

Норвегийн Засгийн газрын зүгээс дээрх комиссын гаргасан шийдвэр, эдийн засгийн нөхцөл байдалд дүгнэлт хийгээд УИХ-д 2016 оны төсвийн төсөлтэй хамт эхний шатанд “татварын шинэчлэлийн хөтөлбөр”-ийг өргөн барьсан байна.

Татварын шинэчлэлийн хүрээнд “нөхөрсөг-бизнес” хөтөлбөрийг хэрэгжүүлж өрсөлдөөнт, бүтээгч бизнесийг дэмжин, аж ахуйн нэгжийн татварыг 2016 онд 2 хувиар бууруулан 25 хувьд, 2018 онд 22 хувь хүртэл бууруулахаа мэдэгдсэн байна. Татварын бодлогын дүнд 9,1 тэрбум норвеги крон хувийн хэвшилд үлдээж, шинээр бизнесээ өргөжүүлэх, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтаас илүү ажлын байр бий болгох бизнес эрхлэх сонирхолыг бий болгож, улмаар татварын бааз суурь сайжирна гэж үзжээ.

Нөгөөтэйгүүр судлаачдын үзэж байгаагаар газрын тосны үнэ, хэрэглээ эрс буурах хандлагатай байна гэж дүгнэжээ. Тухайлбал, өнгөрсөн жил гэхэд цахилгаан машины борлуулалт 60 хувиар өссөн бөгөөд яг энэ эрчээрээ цахилгаан машин хэрэглэгчдийн тоо өсвөл 2023 он гэхэд дэлхийн хэмжээнд 2,0 сая баррел[4] тосны хэрэглээ буурч улам их сүйрэл дагуулахаар байна. 

Иймд Норвегийн үндсэний орлогын гол хөшүүрэг болох газрын тосны салбарын орлого урт хугацаанд дахин өсч Норвегийн ард түмнийг хангалуун сайхан амьдруулах ирээдүй харагдахгүй байна.  Мэдээж тэдэнд хуримтлуулсан, цуглуулсан хойч үедээ хадгалсан баялаг сан байгаа хэдий ч өнөөдөр түүнийг төсвийн алдагдалыг нөхөх, газрын тосны салбарын алдагдлыг нөхөхөд зарцуулах боломж нэгдүгээрт байхгүй, хоёрдугаарт энэ нь өөрөө илүү  эрсдлийг дагуулах арга зам тул тэдний зүгээс эдийн засгийн бүтцийг өөрчлөхөд дорвитой арга хэмжээ авах нь гарцаагүй юм. Тэдний хийх, хэрэгжүүлэх үйлдэл бүрийг Монгол Улс цаг алдалгүй анхаарч, тэргүүн туршлагыг шууд авч хэрэгжүүлвэл манайх шиг уул, уурхайгаас хараат, байгалийн баялагт сууриласан эдийн засагтай улс оронд ихээхэн сургамж, мэдлэгийн түшиц бааз болох нь гарцаагүй билээ.

НОРВЕГИЙН ТЭТГЭВЭРИЙН САНГИЙН ХӨРӨНГИЙН ТУХАЙ

Норвегийн тэтгэврийн сангийн хөрөнгийн хэмжээ 2015 оны байдлаар 870.0 тэрбум доллароор үнэлэгдэж байгаа дэлхийн хамгийн том хуримтлалын сан билээ. Төсвийн тогтворжилтийг хангах, урт хугацаанд ирээдүйн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд тус сан зориулагддаг бөгөөд хуулиар тухайн санд жил бүрийн хуримтлагдсан хөрөнгийн өгөөжийн                  4 хүртэл хувийг зөвхөн дараа жилийн төсвийн зарцуулалтанд ашигладаг. Хуримтлагдсан хөрөнгийн хэмжээ анх 1996 онд ДНБ-ний 3%, 2006  онд 70 орчим хувьд, 2015 онд 270 орчим хувьтай тэнцүү болж өссөн байна.

Бусад хуримтлагдсан хөрөнгийг санхүүгийн зах зээлд байршуулан, тогтвортой өгөөж бий болгох хөрөнгө оруулалт хийдэг байна.

 

Зураг-1 /Тэтгэвэрийн сангийн удирдлагын тогтолцооТэтгэвэрийн сангийн хөрөнгийг нийтдээ 75 орны 9,000 гаруй компаниудад хөрөнгө оруулалт хийж, хөрөнгийн удирдлагыг төв банкны нэг хэсэг болох Хөрөнгө оруулалтын удирдлагын Норгес /“Norges”/ банкинд (NBIM) хариуцуулсан. Норгес банк нь Сангийн яамнаас баталсан хөрөнгө оруулалтын стратегийг хэрэгжүүлдэг ба сангийн үйл ажиллагааны талаар улирал тутам Сангийн яаманд тайлагнадаг. /Зураг-1/

Хөрөнгө оруулалтыг бүс нутгаар авч үзвэл:

  • 39 хувийг Европын компаниуд,
  • 39 хувийг Өмнөд Америкийн компаниуд,
  • 18 хувийг Азийн компаниуд тус тус эзэлж байна.

Нийт байршуулсан хөрөнгө оруулалтыг багцаар нь авч үзвэл:

  • 59,7 хувийг Apple, Coca cola, McDonalds, Tesla гэх мэт томоохон компаниудын хувьцаа худалдан авахад /нийт хувьцааны зах зээлийн 2 хувийг эзэлдэг/ 
  • 37,3 хувийг тогтмол орлого бий болгох хөрөнгө оруулалт
  • 3 хувийг үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт эзэлж байна. /Шалгуур>4%/

 

Норгес банкны зүгээс тус сангийн хөрөнгийн өгөөжийг аль болох өндөр, эрсдэлгүй байлгахад үйл ажиллагааг чиглүүлэн удирддаг ба 1998-2014 оны хооронд сангийн хөрөнгийн жилийн дундаж өгөөж 5,8% байсан, харин 2015 оны 1-р улирал дундаж өгөөж 5,28%, 2-р улиралд -0,87%8 3-р улиралд -4,93% хүртэл буурсан байна. Өмнө дурьдсанчилан нийт хөрөнгийн 39 хувийг дэлхийн хувьцааны зах зээлд байршуулдаг бөгөөд 2015 оны 8-р сард болсон хувьцааны үнийн уналтаас шалтгаалан сангийн өгөөж 3-р улиралд их хэмжээгээр буурсан үзүүлэлттэй гарчээ. Тус сангийн өгөөж 2008 оны санхүүгийн хямрлын үеэр жилийн өгөөж буурч хамгийн доод түвшин /-23,31%/-д, 2011 онд -2,54%-д хүрснээс бусад тохиолдолд жил бүр өндөр өгөөжийг өгч 1996 оноос эхлэн хуримтлуулсан хөрөнгө өнөөдөр ДНБ-нийхээ 270%-д хүрчээ. Цаашид хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, сангийн өгөөжийг өсгөхөд улам их хариуцлагатай, үр ашигтай, зохион байгуулалт сайтай, олон улсын стандартын хүрээнд, ажиллахыг тус сангийн удирдлага зорилтоо болгон ажиллаж байна.

ДҮГНЭЛТ.

Дэлхийн хүчирхэг эдийн засагтай орон, хөгжиж буй орнуудын эдийн засгийн хямрал, сүүлийн хэдэн жилийн туршид бий болж буй үл хөдлөх хөрөнгийн зах зээл, санхүүгийн зах зээл дээрх хямрал, түүхий эдийн үнийн уналт зэргээс шалтгаалан байгалийн баялаг, уул уурхайд түшиглэсэн эдийн засаг хэзээ нэгэн цагт шаазан шиг хагарч бутарна гэдгийг, хөрөнгийн зах зээлээс хялбар аргаар мөнгө олж, баян улс болох нь эрсдэлтэй гэдгийг олон жишээнээс харж болохоор байна. Иймд хүчирхэг эдийн засагтай, баян чинээлэг дэлхийд тэргүүлэгч орны нэг болох Норвеги 1 баррель газрын тосны үнэ 30$-оос доош унахад урт хугацаанд эдийн засгаа сэргээхэд хэцүүхэн байдалд орохоор, нэг өдрийн хувьцааны үнэ унахад бидний санаанд багтамгүй алдагдал үүрч байхад манайх шиг ДНБ-ний 20-30 орчим хувь нь уул уурхайн салбараас хамааралтай, импортлогч орны хувьд хөгжлийн бодлогоо сайтар тодорхойлон уул, уурхайд бус Швед шиг мэдлэгт сууриласан эдийн засаг буюу чадварлаг хүн бий болгох, шинжлэх ухааны дэвшил, хөгжлийг үйлдвэрлэлтэй нь хослуулсан баялаг бүтээгч эдийн засаг руу шилжих нь гарцаагүй бидний зөв хөгжлийн нэг тулгуур хүчин зүйл гэж үзэж байна.

Төрийн удирдлагын магистр Б.Батцэцэг


[1]Financial times, 2015.10.07 Slowing economy forces Norway to dip into oil savings http://www.ft.com/intl/cms/s/0/52860dbc-6d09-11e5-8171-ba1968cf791a.html#axzz40zArTPPi

[3] SUMMARY OF THE NORWEGIAN PRESS, THURSDAY 11 FEBRUARY 2016

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш