logo
АСЕМ-ын Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтыг зохион байгуулах Ажлын хэсэг хуралдлаа

АСЕМ-ын Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтыг зохион байгуулах Ажлын хэсэг хуралдлаа

2016/03/24

Монгол Улсын Их Хурал Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг 2016 оны 04 дүгээр сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 13 дугаар тоот захирамжийг үндэслэн Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах Ажлын хэсэг өнөөдөр /2016.03.23/ уулзалтын зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар ээлжит хуралдааныг зохион байгуулав.

Энэхүү уулзалтыг зохион байгуулах Ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ажлын хэсгийн ахлагч Б.Болдбаатар мэдээлэл хийх үеэр, одоогийн байдлаар 30 орноос мөн Европын парламентаас нийт 110 гаруй төлөөлөгч уулзалтад оролцохоор байна гэж танилцуулаад бэлтгэл ажлын явц болон цаашид хийж, хэрэгжүүлэх ажлуудын талаар Ажлын хэсгийн гишүүдтэй зөвлөлдөв.

Ажлын хэсгийн ахлагч Б.Болдбаатар, Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтад оролцох урилгыг АСЕМ-ын гишүүн 51 орны парламентын дээд, доод танхимуудын дарга нар болон олон улсын 2 байгууллагад албан ёсоор хүргүүлээд байгаа. Иймд бусад орны парламентын төлөөлөгчидтэй холбогдож, оролцуулах талаар арга хэмжээ авахыг холбогдох албаны хүмүүст үүрэг өглөө.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж буй УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад хэргийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Төрийн ёслолын алба, Төрийн тусгай хамгаалалтын газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болон холбогдох бусад газрын албаны хүмүүс өөр өөрсдийн хариуцаж байгаа ажлаа тайлагнаж, мэдээлэл солилцсоноор өнөөдрийн хуралдаан өндөрлөсөн юм.

АСЕМ-ын дээд түвшний XI уулзалтын хүрээнд зохион байгуулагдах хамгийн эхний арга хэмжээ нь Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт юм. Энэ уулзалт тухайн орны парламент байрладаг ордонд зохион байгуулагддаг уламжлалтай. Энэ дагуу Төрийн ордонд 04 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Энэ удаагийн АСЕМ-ын дээд түвшний уулзалт 20 дахь жилдээ зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой. Иймд энэ ойг тохиолдуулан парламентын түншлэл энэ уулзалтад ямар үүрэг гүйцэтгэдэг талаар ярилцахаар Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтыг “Ази, Европын парламентын түншлэлийн АСЕМ дахь үүрэг” сэдвийн хүрээнд зохион байгуулах юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш