logo
АСЕМ-ын үеэр орон нутгийн нислэгийг тасалдуулахгүй

АСЕМ-ын үеэр орон нутгийн нислэгийг тасалдуулахгүй

2016/04/01

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн даргалдаг Ази, Европын Дээд түвшний 11 дүгээр уулзлатын зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний Зөвлөлийн ээлжит 21 дугаар хуралдаан гуравдугаар сарын 30-нд Төрийн ордонд болж,  орон нутгийн нислэгийн хязгаарлалтын тухай болон бусад зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэв.

Хуралдааны эхэнд Монголын аялал жуулчлалын холбоо (МАЖХ) болон дотоодын агаарын нислэгийн зарим компаниас АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын үеэрх орон нутгийн хуваарьт нислэгийн талаар танилцууллаа.

Ирэх зун манай улсад 6500 гаруй жуулчин ирэхээр МАЖХ-д аяллаа баталгаажуулсанаас 3000 орчим нь долоодугаар сарын 13-18-нд  орон нутгийн ямар нэгэн нислэгээр аялах хөтөлбөр сонгожээ.

Гэсэн хэдий ч АСЕМ-ын дээд түвшний уулзалт зохион байгуулагдахтай холбогдуулан “Чингис хаан” олон улсын нисэх буудлын зогсоолын ачааллыг багасгахаар долоодугаар сарын 13-17-нд орон нутгийн нислэгийг зогсоохоор шийдвэрлэсэн. Энэ нь жуулчны оргил ачааллын үетэй давхцаж байгаа учраас зохицуулалт хийж, орон нутгийн нислэгийг хэвийн үргэлжлүүлэх хүсэлтийг МАЖХ-ны ерөнхийлөгч Д.Гантөмөр уламжиллаа.

8bfba5e0143717c80176d9dda9cdb019

Зам, тээврийн сайд М.Зоригтын танилцуулснаар энэ асуудлыг хариуцсан ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд Налайх дүүрэгт байрлах Батлан хамгаалах яамны харьяа аэродромыг ашиглахаар зохих бэлтгэлийг хангаж байгаа аж.

Ингэснээр долоодугаар сарын 13-16-ны орон нутгийн нислэгүүдийг Налайхын нислэгийн зурвасаас үйлдэх боломжтой болох юм. Нисэх зурвас, талбайн аюулгүй байдал, техникийн нөхцөлийг сайтар судлах шаардлагатайг үндэсний зөвлөлийн гишүүд санууллаа.

Мөн энэ удаагийн хурлаар АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын зочид төлөөлөгчдийг байрлуулах “АСЕМ вилла” хотхоны тохижилт, цэцэрлэгжүүлэлт, төлөөлөгчдөд зориулсан урлаг соёлын арга хэмжээнүүдийн бэлтгэл ажлын явцыг хэлэлцэж, зохих чиглэлийг өглөө.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш