logo
Г.Эрдэнэбаяр: Өсвөрийн шатарчид дэлхийд гарч эхэллээ

Г.Эрдэнэбаяр: Өсвөрийн шатарчид дэлхийд гарч эхэллээ

2016/04/11

Өсвөрийн Ази тивийн Аварга шалгаруулах тэмцээн эх оронд минь зохиогдож байгаа энэ өдрүүдэд Монголын Шатрын холбооны дэд ерөнхийлөгч “Говийн өв” Группын захирал Г.Эрдэнэбаяртай уулзаж ярилцлаа.

Л.Алтaнгэрэл: Сайн байна уу? Тэмцээний талаарх асуултаар ярилцлага эхлэх үү?

Г.Эрдэнэбаяр: Сайн сайн байна уу? Монгол улсад анх удаа зохиогдож буй Ази тивийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээний үеэр ярилцаж байгаадаа таатай байна.Тус тэмцээнд Ази тивийн 18 орны 470 гаруй өсвөрийн тамирчид оюун ухаанаа уралдуулж байна. 2016 .04.05-15 хооронд МҮЭСТО-нд болж байна.

Л.Алтaнгэрэл: Энэ жилийн шилдэг спортын холбоогоор шатрын холбоо шалгарлаа. Танай байгууллага хамт олон, мөн энэ спортын дэмжигч, сонирхогч, хичээлгэгч олны амжилтын үнэлгээ байх.

Г.Эрдэнэбаяр: Энэ жилийн шилдэг холбоогоор МШХ шалгарсан нь маш олон хүний уйгагүй хөдөлмөрийн үр дүн юм. Тухайлбал МШХ –ны ерөнхийлөгчийн ажлыг аваад удаагүй байгаа Олон улсын шатрын холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сайнбаяр,гүйцэтгэх захирал Ц.Цогтбаяр болон МШХ-ны нийт ажилтан,шатарчдын маань ажлын үр дүн юм.

Л.Алтaнгэрэл: Сүүлийн үеийн гаднын томоохон тэмцээн уралдаануудад манай тамирчид нэлээн амжилттай оролцож байна.

Г.Эрдэнэбаяр: Сүүлийн жилүүдэд Монголын шатар тэр дундаа өсвөрийн шатарчдын амжилт үсрэнгүй ахиж байна. Жишээ нь: Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Номин-Эрдэнэ, Д.Мөнхзул нар алтан медаль, Е.Төгстөмөр, Б.Мөнгөнзул нар мөнгөн медаль хүртсэн.Мөн 2015 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 төрөлд 3 мөнгө,8 хүрэл медаль хүртсэн.Ц.Амартүвшин сурагчдын дэлхийн аварга цол хүртсэнээр харагдаж байгаа юм.

Мөн Өсвөрийн Ази тивийн Аварга шалгаруулах тэмцээн  3 төрлөөр явагдаж байна. Эхний төрөл болох түргэн (Блиц) тэмцээнд Монголын баг 4 алтан, 4 мөнгө, 7 хүрэл нийт 15 медаль нэгдугаар байр эзэллээ.

Л.Алтaнгэрэл: Таны хэлдгээр ёстой л “Үсрэнгүй Амжилт” нийт шатарчдаа баяр хүргэе. 2015 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын багийг ахлан явсны хувьд сэтгэгдлээ хэлнэ үү?

Г.Эрдэнэбаяр: Ази тивд төдийгүй дэлхийд Монголын өсвөрийн шатарчид цахиур хагалан 1.5 тэрбум хүнтэй Хятад,1.3 тэрбум хүнтэй Энэтхэг, Иран, Вьетнам зэрэг орны шатарчидтай өрсөлдөгч болж гарч ирсэн.

Л.Алтaнгэрэл: Мөн таны хувийн ажил бизнес энэ ажлуудтай яаж холбогддог. Шатраар хэзээнээс эхэлж хичээллэв. Өөрийнхөө амжилтын тухай хуваалцаач.

Г.Эрдэнэбаяр: Би шатрын спортод элэгтэй, 2002 оноос сонирхож эхэлсэн.Тэр цагаас хойш шатрын спортыг хөгжүүлэх зорилгоор улс,бүсийн чанартай маш олон тэмцээнийг ивээн тэтгэж, хамтарч ажиллаж байна.

Л.Алтaнгэрэл: Монголд баригдах гэж байгаа шатрын ордны талаар бидэнтэй хуваалцаач ажил ямар шатандаа байгаа вэ?

Г.Эрдэнэбаяр: 2015 оны 08 сард МУ-д анх удаа зохиогдсон 16 хүртэл насны олимпиадын үеэр Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч К.Илюмжинов хүрэлцэн ирж Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,Улаанбаатар хотын удирдлагуудтай шатрын ордон барих газрын асуудлаар ярилцаж тохиролцоонд хүрсэн. Сүүлийн 20-иод жил Дэлхийн шатрын холбоог удирдаж буй Халимаг улсын анхны ерөнхийлөгч К.Илюмжинов гуайн хувьд Монгол гаралтай дэлхийн хүмүүсийн нэг. Өөрийн зүрх сэтгэлээрээ Монголд шатрын ордон барих ажлыг эхлүүлсэн.Удахгүй Монгол улсад шатрын ордон баригдана гэдэгт итгэж байна.

Л.Алтaнгэрэл:  Энэ ордон Эх оронд минь тун удахгүй сүндэрлэнэ гэдэгт би ч итгэлтэй байгаа. Цаашид ордны талаар МШХ-той  хамтарч мэдээллийг цаг алдалгүй хүргэх  болно гэдгээ давхар илэрхийлье. Оюуны спорт болох шатрыг төр засгаас хэрхэн дэмжиж байна вэ?

Г.Эрдэнэбаяр: Ер нь топ спортын төрлүүдийг бодвол харьцангуй бага байдаг. Манай өсвөрийн шатарчид Олон улсын тэмцээн уралдаанд хувийн зардлаар явж амжилт гарган Монгол улсаа сурталчилдаг. Гэхдээ Эрүүл мэнд спортын яам, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Гадаад хэргийн яамны сайд асан Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан зэрэг олон хүмүүс дэмжиж тусалдаг.

Л.Алтaнгэрэл: Цаашид энэ оюуны спортод хувь нэмрээ оруулах хаана хүргэчих юмсан гэсэн залуу хүний мөрөөдөл байдаг да. Нэг тийм оргил цэг хаана вэ? Энэ асуултаар ярилцлага өндөрлөе. 

Г.Эрдэнэбаяр: Ирээдүйн зорилго бол дэлхийн хэмжээний супер их мастер цаашлаад дэлхийн аварга олон олон тамирчин бэлдэх юм. Үүний тулд дэлхийн хэмжээний дасгалжуулагчдыг бэлтгэх, өсвөрийн шатарчдыг системтэй бэлдэх нь чухал юм. 2016 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа нийт тамирчиддаа хувиасаа болон МШХ-ны нэрийн өмнөөс амжилт хүсье.

Ярилцсанд баярлалаа...

Л.Алтангэрэл
эх сурвалж: tusgaar.mn

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш