Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн даргалж буй АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын Үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээ, хоол хүнс, түүний аюулгүй байдлыг хариуцсан ажлын хэсэг дөрөвдүгээр сарын 12-нд НЗДТГ-ын хурлын танхимд хуралдаж, АСЕМ-ын эхний дагалдах хурлын төлөөлөгчдөд зориулсан соёл урлагийн арга хэмжээний хөтөлбөр болон түнш зочид буудлуудын тогооч нарын ур чадварын уралдааны явцын талаар хэлэлцлээ.
Дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын эхний арга хэмжээ болох Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт дөрөвдүгээр сарын 21-23-нд Төрийн ордонд болно. Одоогоор 32 орны 150 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлсэн бөгөөд үүнд 5 орны парламентын дарга, 6 орны парламентын дэд дарга ирэх аж.
Энэхүү уулзалтыг хэрхэн зохион байгуулахаас дараа дараагийн арга хэмжээний чиг баримжаа харагдах учир ажлын хэсэгт хамаарах зохион байгуулалтыг нарийн төлөвлөж, алдаа дутагдал гаргахгүй байх хэрэгтэй хэмээн ажлын хэсгийн ахлагч Э.Бат-Үүл онцоллоо.
Парламентын түншлэлийн уулзалтад ирэх зочид төлөөлөгчдөд зориулж монгол үндэсний урлаг, дэлхийн сонгодог урлагийн хамтарсан “Мөнхөд дуурсагдах Монгол” тоглолт, хүндэтгэлийн хүлээн авалт зохиохоор бэлтгэж байгаа бөгөөд эдгээр арга хэмжээний төсөв, хөтөлбөрийг хэлэлцэж, Үндэсний зөвлөлөөр эцэслэн шийдүүлэхээр боллоо.
Тус ажлын хэсгээс санаачлан ХХААЯ, Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хөгжлийн төв, Монголын мастер тогооч нарын холбоотой хамтран дөрөвдүгээр сарын 8-нд “Их тэнгэр”-т зохион байгуулсан АСЕМ-ын түнш зочид буудлуудын рестораны тогооч нарын ур чадварын эхний шатны тэмцээн амжилттай болж, 13 багийн 40 гаруй тогооч өрсөлджээ.
Дээд түвшний уулзалтын зочдод үйлчлэх тогооч нарын ур чадвар, гүйцэтгэл, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх энэхүү дөрвөн шаттай тэмцээний дараагийн хэсгийг 5 дугаар сарын дундуур “Хүннү Молл” төвд зохион байгуулахаар тогтлоо.