logo
Японы Кумамото мужид хүчтэй газар хөдлөлт боллоо

Японы Кумамото мужид хүчтэй газар хөдлөлт боллоо

2016/04/15
Кюүшюү арлын Кумамото мужид орон нутгийн цагаар өчигдөр орой 21 цаг 26 минутын үед газар хөдлөлт эхэлсэн юм. Газар хөдлөлтийн голомт тус мужийн Машики сууринд газрын гадаргаас 10 км гүнд байсан бөгөөд нутгийн зарим хэсэгт чичиргээ 7 баллд хүрсэн талаар NHK суваг дамжуулж байна. Тус газар хөдлөлтийн улмаас амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэн, 9-д хүрч, мөн 900 гаруй хүн гэмтэжээ.

Газар хөдлөлтийн улмаас 16 мянган өрх айлд эрчим хүч тасарсан, мөн 20 орчим барилга нурсан гэх мэдээллийг тус улсын засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихиде Суга өгсөн байна. Нурангид хүн дарагдсан эсэхийг тогтоохоор холбогдох албаныхан ажиллаж эхэлжээ. Үүнээс гадна 33 мянган хүнийг газар хөдлөлтийн үеэр аюулгүй бүсэд түр нүүлгэн шилжүүлжээ. Газар хөдлөлтийн улмаас Кумамато мужийн 9 хотод нийтддээ 920 орчим хүн гэмтэж шархадсан байна.

Энэ удаагийн газар хөдлөлт харьцангуй сул байсан учраас Кюүшюү арал дээр ажиллаж байгаа цөмийн 2 реакторын үйл ажиллагаанд нөлөөлөөгүй гэх тайлбарыг албаныхан хийлээ. Үүнтэй холбогдуулан тус улсын Засгийн газраас тухайн бүс нутагт онц байдал зарлаад байна.


 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш