Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 24 дүгээр хуралдаан дөрөвдүгээр сарын 20-нд Төрийн ордонд болж, Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын үр дүн, АСЕМ-ын 20 жилийн ойг тэмдэглэх тухай, Дээд түвшний төлөөлөгчдийн цуваанд явах автомашинд байршуулах логоны талаар болон бусад асуудлыг хэлэлцлээ.
Улаанбаатар хотноо дөрөвдүгээр сарын 21-23-нд амжилттай болж өндөрлөсөн Ази, Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалтанд АСЕМ-ын гишүүн 32 орны 160 гаруй төлөөлөгч оролцсон байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их Хурлын дарга болон Улсын их хурлын гишүүд хоёр талын 41 уулзалт хийж бүс нутгийн улс төр, эдийн засаг, нийгэм соёлын харилцаа хамтын ажиллагааны 300 гаруй асуудлыг хэлэлцжээ.
Үндэсний зөвлөлийн дарга, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уулзалтаас анхаарах болон сайжруулах асуудлуудтай танилцаад дараагийн хурлуудыг зохион байгуулах ажилд сайн дурын ажилчдын оролцоог нэмэгдүүлэх, ёслол хамгаалалтыг сайжруулж оновчтой зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Түүнчлэн Турк Улсын Засгийн газраас үзүүлэх техник, тоног төхөөрөмжийн буцалтгүй тусламжийн жагсаалтыг хэлэлцлээ. Тус улс буцалтгүй тусламжийг долоодугаар сарын эхээр нийлүүлэх боломжтойгоо илэрхийлсэн байна.
Мөн АСЕМ-ын 20 жилийн ойн арга хэмжээний хөтөлбөрийг хэлэлцэж, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах, Дээд түвшний уулзалтын төлөөлөгчдийн цуваанд явах автомашинд үндэсний хэв маяг шингээсэн лого байршуулах зэргийг хэлэлцэж тогтлоо.