logo
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Франц улсын  Гадаад хэрэг, Олон улсын хөгжлийн сайдтай уулзлаа

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Франц улсын Гадаад хэрэг, Олон улсын хөгжлийн сайдтай уулзлаа

2016/05/04

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхий сайдаар 2012-2014 онуудад ажилласан, одоогийн Гадаад хэрэг, Олон улсын хөгжлийн сайд Жан-Марк Эйрутай 2016 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Парис хотноо уулзав. Уулзалтаар энэ оны долоодугаар сарын 15-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах АСЕМ-ын дээд түвшний уулзалтад Франц Улсын Ерөнхийлөгч Франсуа Олландыг оролцуулах талаар харилцан ярилцсаны сацуу Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Франц Улс нь Монгол Улсын гуравдагч хөрш төдийгүй чухал түнш болохыг онцлоод сүүлийн жилүүдэд хоёр орны хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, соёлын салбарт эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглэв.

Мөн Монгол Улсын Засгийн газрын эдийн засгийг төрөлжүүлэх зорилтын талаар мэдээлээд газар нутаг, мал сүргийн өндөр боломжтой Монгол орны хувьд хөдөө аж ахуйн салбар өндөр хөгжсөн Франц Улстай энэ чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой гэдгийг илэрхийлэв. Францын Гадаад хэрэг, Олон улсын хөгжлийн сайд Жан-Марк Эйру хоёр орны харилцаа сүүлийн хоёр жилд идэвхижиж буйг тэмдэглээд Монгол Улсад зохион байгуулагдах АСЕМ-ын дээд түвшний уулзалтын ач холбогдлын талаар санал нэгтэй буйгаа тэмдэглэв. Мөн эрчим хүч, сансар судлал, шинжлэх ухааны салбарт хэрэгжүүлж буй хамтын ажиллгаанууд ажил хэрэг болно гэдэгт францын тал итгэлтэй буйгаа онцлов.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Парис хотноо  айлчлах үеэрээ Гадаад хэргийн яам, БНФУ дахь ЭСЯ, Цахим Өртөө Холбоо, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл хамтран 2016 оны Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Парис хотноо зохион байгуулсан “Монгол орны хөгжилд” 12 дахь удаагийн чуулга уулзалтыг нээн оролцож, хилийн чанадад ажиллаж амьдарч буй монгол иргэддээ чиглэсэн Монгол Улсын Засгийн газрын бодлого, “Дэлхийн Монголчууд”, “Монгол Улсыг гадаадад сурталчлах” хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.

Чуулганд 12 илтгэгч аялал жуулчлал, соёл урлаг, архитектор, мэдээллийн технологи, оюуны өмчийн салбаруудад Монгол Улсад нэвтрүүлэхүйц шилдэг туршлага, саналын талаар илтгэлүүд танилцуулсан ба Монгол, Франц, Герман, Их Британи, Бельги, Итали, Нидерланд, Турк, Швед, Турк, АНУ, Ирланд, Унгар, ОХУ, Япон, Швейцар зэрэг орнуудаас  нийт 140 гаруй төлөөлөгч оролцсон байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш