logo
Олон улсын хэмжээний туршлагатай сайн дурын багтай болно

Олон улсын хэмжээний туршлагатай сайн дурын багтай болно

2016/05/06

АСЕМ-ын дээд түвшний уулзалт болон түүний дагалдах хурлуудын зохион байгуулалтад сайн дураар ажиллахаар бүртгүүлсэн 1500 орчим оюутан, залуусыг  мэргэшүүлэх  сургалтад хамруулж эхлээд байна. Сургалтын явц болон сайн дурынхны штаб хэрхэн ажиллаж байгаа талаар АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны сайн дурынхны асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Энхтуяа, Н.Оргилсайхан, Сайн дурынхны штабын удирдагч Д.Мөнхтулга нар 5 дугаар сарын 5-нд “АСЕМ-ын мэдээллийн цаг”-аар мэдээлэл өглөө. 

Улсын болон хувийн хэвшлийн 20 гаруй их дээд сургууль, хүүхдийн байгууллагууд, ротари клубуудын төлөөллүүдээс бүрдсэн сайн дурын ажилтнуудыг Их эзэн Чингис хааны үеийн цэргийн систем болох 10-т, 50-тын зохион байгуулалтад оруулж, тус бүрд нь ахлагч томилон үндсэн болон чиглүүлэх  4 төрлийн  сургалтад хамруулж байна.

Сургалтаар дипломат ёс, дэг жаяг, төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр баримтлах зарчим, сайн дурын ажилтны ажлын байранд тавигдах шаардлага, хөтөч тайлбарлагчаар болон үйлчилгээний салбарт ажиллах стандарт шаардлага гэх мэт мэдлэгийг олгож байна.

13063891_1336321799717120_183820591_o

Сайн дурын ажилтнуудыг АСЕМ-ын ажлын хэсгүүдээс ирүүлсэн захиалгийн дагуу мэргэшүүлж байгаа бөгөөд үйлчилгээний салбарт, тэр дундаа “АСЕМ Вилла” хотхонд ажиллах 108 сайн дурын ажилтан л гэхэд 7 одтой зочид буудалд ажиллах хэмжээний үйлчилгээний туршлага, харилцааны мэдлэг хуримтлуулах аж.

Сайн дурын ажилд оролцуулснаар ямар нэг цалин хөлс олгохгүй ч хүн бүрт өврийн дэвтэр нээж, хийсэн ажлыг нь тэмдэглэн баталгаажуулж өгөх юм. Энэ нь цаашдаа тухайн оюутанд мэргэжлээрээ ажилд орох, олон улсын арга хэмжээнд оролцох зэрэгт үзүүлэлт болно гэж үзэж байна. Үүнийг үндэслэн сургуулийн захиргаанаас кредит цагаар тооцох гэх мэт урамшууллын хөшүүрэг ч байж болох аж.

Манай улсад сайн дурынхны хөдөлгөөн үүсээд 25 жил болж байгаа бөгөөд АСЕМ-ын дараа олон улсын арга хэмжээ зохион байгуулах туршлага бүхий анхны сайн дурын томоохон баг бий болж үлдэх нь хамгийн том ололт гэж мэргэжилтнүүд онцоллоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш