АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг олон улсын болон дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шууд дамжуулах, мэдээлэхэд албан ёсны түншээр ажиллах Европын өргөн нэвтрүүлгийн холбоо /Евровишн/-ийн төлөөлөгчид манай улсад 5 дугаар сарын 2-5-нд ажиллалаа. Төлөөлөгчдийн ажлын үр дүн, хамтран ажиллах боломжуудын талаар тавдугаар сарын 9-нд ГХЯ-нд хуралдсан АСЕМ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан ажлын хэсгийн ээлжит хуралдаанаар хэлэлцлээ.
Энэ хугацаанд төлөөлөгчид Шангри-Ла төвд байгуулах “Хэвлэлийн төв”-ийн байр, “Чингис хаан” ОУНБ болон “АСЕМ Вилла” хотхон дахь талбай, Дээд түвшний уулзалтын танхим, хэвлэлийн бага хурал болох танхимууд болон бусад арга хэмжээ, уулзалт зохиогдох газруудтай танилцаж гэрэл зураг авах, шууд дамжуулалт хийх боломж, бусад дэд бүтцийн талаар холбогдох албаныхантай санал солилцов.
Тус холбоо нь дээд түвшний уулзалтын шууд дамжуулалтыг үнэ төлбөргүй хүргэх бөгөөд хиймэл дагуулын төхөөрөмж авчрах, шууд дамжуулалтын багийг зохион байгуулах, тусгай захиалгаар шууд нэвтрүүлэг нэмж цацах зэрэг үүргийг хүлээхээр боллоо. Мөн 8 орны хэлээр шууд дамжуулах төхөөрөмжийг Монголд анх удаа авчирч суурилуулахаар болжээ.
Хамтын ажиллагааны хүрээнд шилэн кабелийн болон сансарын хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлэгч дотоодын компаниудтай уулзсан төдийгүй Монголын зарим телевизээр орж явуулын болон шууд дамжуулалтын тоног төхөөрөмж, техникийн боломж, хүчин чадал, мэргэжилтнүүдийн чадамж, нөөц бололцоо зэрэгтэй танилцжээ.
Одоогоор Монголын телевизүүдийн холбооны гишүүн 13 телевиз АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг шууд дамжуулахад бэлэн байгаагаа мэдэгдээд байна.