Дэлхийн музейн өдрийг тохиолдуулан номонд зориулсан дэлхийд цор ганц “Данжуурын гэрэлт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх ёслол өнөөдөр 11 цагт Монгол Улсын Үндэсний номын санд болно. Энэхүү гэрэлт хөшөө нь Дэлхийн өвд бүртгэгдсэн Монгол Данжуурын 226 боть номыг 1924 онд Монгол Улсын нийслэлд залж авч ирсний дурсгалд зориулан бүтээсэн, хаана ч байхгүй цорын ганц өв төдийгүй дөрвөн ч хүний гарын үсэг бүхий чулуун ном юм.
Монголын музейн анхны дарга "Чөтгөр" хэмээх Н.Дэндэв гуай Судар бичгийн хүрээлэнгийн захирал С.Жамъянтай тохиролцсоны дагуу "Монгол Данжуур"-т зориулсан хөшөөг 1928 оноос эхлэн 27 жилийн туршид бүтээжээ. Тэрээр гайхамшигтай хурдан хуулбарлан зурдаг байснаас гадна чулуун сийлбэр хийхдээ гарамгай хүн байжээ.
Уг үйл ажиллагааны үеэр нийгэмд эерэг, гэгээлэг мэдээлэл дамжуулах зорилгоор манай номын сангийн фонд болон хувь хүмүүст өгсөн өвөрмөц, сонин содон гарын үсэгтэй номуудаар үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна. Аливаа гарын үсэг гэдэг өөртөө олон зүйл агуулдаг. Ном бэлэглэж байгаа хүн тухайн агшинд бодогдсон зүйлээ л бичдэг учир элдэв зохиомол, худал хуурмаг юм байдаггүй. Ийм ч учраас гарын үсэгтэй номууд ямар нэгэн тэмдэглэлт үйл явдал, онцгой учралын он цагийн гэрч болон үлдсэн байдаг. Үүгээрээ үзэсгэлэн маань онцлог байж, нийгэмд эерэг, гэгээлэг мэдээлэл дамжуулах юм.
Энэхүү үзэсгэлэнд зохиолч, яруу найрагч, “Чингис хаан” одонт Г.Мэнд-Ооёо, СГЗ Го.Аким, СГЗ, яруу найрагч Х.Чилаажав, СГЗ, зохиолч Ж.Саруулбуян, Урлаг судлаач доктор С.Бадрал, Гавьяат эмч, академич Э.Лувсандагва зэрэг хувь хүмүүст зориулж бэлэглэсэн гарын үсэгтэй номууд байх бөгөөд Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, П.Бадарч, Т.Галсан, Б.Бааст, Ш.Дулмаа, Д.Нямаа нарын гарын үсэгтэй номын худалдаа болно.
Мөн энэ үеэр ерөнхий боловсролын сургуулиудын 10 дугаар ангийн сурагчдын дунд монгол бичгээр зүйр цэцэн үгийг зөв, сайхан бичих аяны хүрээнд шалгарсан 1080 хүүхдийн бүтээл болох “Мянган эрдэнийн судар” номыг Монгол улсын Үндэсний номын санд гардуулсаныг “Үнэт, ховор номын музей”-дээ залах юм.
Үйл ажиллагааны хөтөлбөр
- “Данжуурын гэрэлт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх ёслол
- 80 хүүхдийн бүтээлийг “Үнэт, ховор номын музей”-д зална
- “Гарын үсэгтэй номын үзэсгэлэн”-г танилцуулна
- Гарын үсэгтэй ном бэлэглэх, худалдах үйл ажиллагаа