logo
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  БНСУ-д хийх айлчлалаа эхэллээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-д хийх айлчлалаа эхэллээ

2016/05/19

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийхээр дагалдан яваа төлөөлөгчдийн хамт Сөүл хотноо хүрэлцэн очлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Бүгд Найрамдах Солонгос Улсын Нэгдлийн сайд Хон Ён Пё  болон албаны хүмүүс угтан авч хүндэт харуулын цэрэг жагсан хүндэтгэл үзүүлэв. Ерөнхийлөгч айлчлалын эхэнд Эрх чөлөө, тусгаар тогтнол, шударга ёсны төлөө тэмцэгчдийн Төрийн хүндэтгэлийн цогцолборт  цэцэг өргөн, Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Сөүл хотын дарга Пак Вон Сүн бараалхаж, Сөүл хотын Хүндэт иргэний батламж гардуулах ёслолын ажиллагаа болно. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч БНСУ-д ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзах юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2016 оны 5 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд хийх албан ёсны айлчлалынхаа үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-тэй албан ёсны хэлэлцээ хийх бөгөөд БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Жон Ы Хва, Ерөнхийлөгчид бараалхана.

Мөн Солонгосын Гадаад судлалын Их сургуульд зочлон “Монгол Улсын гадаад бодлого, бүс нутгийн аюулгүй байдал” сэдвээр лекц уншиж, KBS телевизэд ярилцлага өгнө.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш