“Бяцхан мисс” Олон Улсын Хүүхдийн байгууллага нь 2003 оноос эхлэн сургуулийн өмнөх насны охидын дунд “Бяцхан мисс” тэмцээнийг зохион байгуулж ирсэн. Ирээдүйн тайз, дэлгэцийн алдартнуудыг бэлтгэх, нуугдмал авьяасыг нээх, биеэ авч явах анхан шатны мэдэгдэхүүнийг олгох нь тэмцээний зорилго. Зохион байгуулалт, утга агуулга жилээс жилд төгөлдөршиж, эцэг эхчүүд, цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгчид сэтгэл ханамжтай явдгаа илэрхийлдэг билээ.
14 дэхь жилдээ зохион байгуулагдаж буй “Бяцхан мисс-2015” уралдаант тэмцээний эцсийн шалгаруулалт тавдугаар сарын 28-ны өдрийн 12.00 цагаас Монголын Хүүхдийн ордонд болох аж.
“Бяцхан мисс” тэмцээний үе үеийн ялагчид Ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцсан даруйдаа урлаг, спорт, хүмүүжил, төлөвшлөөрөө эрс ялгардаг. Энэ жилийн хувьд үндэсний ялагчид хилийн чанадад зохион байгуулагдсан тэмцээнүүдэд амжилттай оролцсон юм. Тухайлбал, Турк улсын Анталия хотод зохион байгуулагдсан “Little miss world-2015” тэмцээнд М.Гэрэлтэх оролцож, “Авьяаслаг мисс”-ийн титэмийн эзэн болсон амжилттай. Тус тэмцээнд Б.Одмаа “Little princess of the world”, “Best dancer of the world” номинацийн шагналыг хүртсэн нь өсвөр насны охидын хувьд анхдагч нь билээ.