logo
Тамхины эсрэг дэлхийн өдөрт зориулав

Тамхины эсрэг дэлхийн өдөрт зориулав

2016/05/31
Өнөөдөр Дэлхийн тамхины эсрэг өдөр. Жил болгоны энэ өдөр тамхи, түүний хор хөнөөлийг олон нийтэд  ухуулан таниулдаг болоод нэлээд хэдэн жилийг үдэж байна. Жилдээ ганц удаа тохиох энэхүү өдрөөр ямар гээчийн хор хэрэглээд өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хордуулж байгаагаа эргэж нэг харж ухаарах өдөр. Энэ өдөр бүх нийтээр тамхигүй орчин бүрдүүлэхийн төлөө хичээх учиртай. Хэрэглэж байгаа хүмүүсийнхээ тал хувийг үхэлд хүргэдэг, цорын ганц урьдчилан сэргийлж болох үхлийн шалтгаан бол тамхи. Тамхины тахал нь жил бүр зургаан сая хүнийг үхэлд хүргэдэг. Тамхины хэрэглээ нь XX зуунд гэхэд л 100 сая хүний нас барилтын шалтгаан болсон байна. Харин одоо бид арга хэмжээ авахгүй бол энэ зуунд нэг тэрбум хүн амь насаа алдах аюулд орж болзошгүй байна.

Манай улсад сүүлийн 10 орчим жилийн хугацаанд янжуур тамхины үйлдвэрлэл дөрөв дахин, импорт 2.5 дахин, дүнсэн тамхины импорт 2262 дахин нэмэгдсэн байна. Түүнчлэн 1995 оноос хойш янжуур тамхины нийт хэрэглээ 16, нэг хүнд ногдох хэрэглээ 20 дахин өсчээ. 2009 онд хийсэн судлагааг 2005 оныхтой харьцуулахад эрэгтэйчүүдийн тамхины хэрэглээ бараг өөрчлөгдөөгүй ч эмэгтэйчүүдийнх нэмэгдсэн байна. Түүнчлэн “Залуучуудын тамхины хэрэглээний судалгаа”-гаар ЕБС-ийн 13-15 насны эмэгтэй сурагчид насанд хүрсэн эмэгтэйчүүдээс хоёр дахин их тамхи татдаг нь нотлогджээ. Иймд энэ жил тамхигүй өдрийг Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийг дэмжих сангаас “Тамхины татварыг нэмэгдүүлье, тамхины зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэх үйл ажиллагааг хориглоё”, “Тамхины хэрэглээ болон түүнээс урьдчилан сэргийлэх бодлогын хэрэгжилтийг сайжруулъя”, “Хүн амыг тамхины утаанд хордохоос хамгаалъя”, “Тамхины хор хөнөөлийг анхааруулъя” гэсэн сэдвээр зохион байгуулж, иргэдэд тамхины хор уршгийн талаар мэдээлэл өгч буй.

Тамхины татварыг нэмэгдүүлэх нь тамхины хэрэглээг багасгах хамгийн үр дүнтэй арга хэмээн ЭМ-ийн салбарын удирдлагууд, иргэд ч хэлж буй. Үүнийг өнөөдөр гэнэт хэлээгүй. Аль эртнээс ярьж эхэлсэн… Гэтэл хэзээ үүнийг хэрэгжүүлж эхлэх вэ гэсэн хүлээлт үргэлжилсээр….

Тамхины үнийн өсөлт нь тамхичдын тоог цөөрүүлдэг бөгөөд тамхиа татсан ч өдөрт цөөн тамхи хэрэглэхэд хүргэх юм. Тамхины үнэ нь хүүхэд, залуучуудын тамхи татаж эхлэхэд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг. Үнэ өсөхөд залуучууд болон бага орлоготой тамхичид тамхинаас гарах нь 2-3 дахин нэмэгддэг эсвэл тамхи татах нь цөөрөх юм. Тамхины татварыг 10 хувиар нэмэгдүүлэхэд өндөр орлоготой орнуудад тамхины хэрэглээ дөрвөн хувиар, бага дунд орлоготой орнуудад найман хувиар буурдаг аж. Манай улсад 1993 онд “Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай” анхны хууль батлагдсанаас хойш Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар тамхинд ногдуулах онцгой албан татварыг шат дараатай нэмсэн хэдий ч Монгол Улс дэлхийд тамхины хамгийн бага татвартай улс хэвээрээ л байна. Үүний зэрэгцээ тамхи үйлдвэрлэгч, импортлогч, борлуулагчид сүүлийн үед техник, технологи ашиглах, уралдаан тэмцээн, урлагийн тоглолтыг ивээн тэтгэх, кино од, алдартай тамирчдыг зар сурталчилгаандаа оролцуулж тамхийг сурталчилж байна. Энэ нь хүн ам, ялангуя хүүхэд, өсвөр үеийнхэнд сөрөг нөлөө үзүүлж буй юм. Тиймээс үүнд хориг тавих нь чухал. Мөн ажлын байр болон олон нийтийн газар тамхи татахыг хориглосноор тамхины хэрэглээг нийт хүн амын дунд 4-10 хувиар бууруулах боломжтой. Яахав нэг үеэ бодвол манай зарим албан байгууллага тамхигүй ажлын байр бий болгож зарим нь зөвхөн зөвшөөргдөх ганц газар л тамхи татдаг болсон юм билээ. Цаашдаа улам олон байгууллага ийм болоосой.

Тамхины утаагаар амьсгалах нь зүрх судасны өвчин, уушигны хавдар болон бусад амьсгалын замын өвчнийг үүсгэх шалтгаан болдог. Тухайлбал, эцэг эх нь тамхи татдаг бол хүүхэд нь амьгүй төрөх, нярай гэнэт эндэх эрсдэл хоёр дахин их байдаг байна. Гэтэл манайхан энэ бүхнийг мэдсээр, сэрэмжлүүлсээр байтал хэрэглэсээр байна. Тамхиныг хэрэглээг багасгах зорилгоор олон арга хэрэглэж байгаа ч тодорхой үр дүнд хүрсэн нь тийм ч их биш. Тухайлбал, үр дүн үзүүлж буй нэг арга нь тамхины хайрцаг дээрх эрүүл мэндийн зурагтай анхааруулга. Энэ анхаарууллагыг харсан иргэд “Хөлний зурагтайг нь биш, зүрхнийхийг нь өгчих” хэмээн сэтгэхүйд нь нөлөөлж байгаа ч худалдан авсан хэвээр буй. Гэхдээ эрүүл мэндмийн анхааруулгыг тамхичид өдөрт дунджаар 20 удаа, жилд 7000 удаа уншиж хардаг байна. Дэлхийн 19 оронд эрүүл мэндийн зурагтай анхааруулгыг хэрэглэдэг аж. Энэ анхааруулга нь хүмүүст үгнээс илүү нөлөөлдөг болох нь Бразил, Канад, Сингапур, Тайландад хийсэн судалгаагаар батлагджээ. Тухайлбал, Канад улсад хийсэн судалгаагаар эрүүл мэндийн зурагтай анхааруулга нь тамхины хор хөнөөлийг ойлгоход үр дүнтэй арга гэдгийг насанд хүрсэн тамхичдын 70, өсвөр насныхны 90 хувь нь хүлээн зөвшөөрсөн аж. Харин манай улсад хийсэн судалгаагаар оролцогчдын 71 хувь нь тамхинаас гарах, 79 хувь нь тамхиныхаа тоог цөөрүүлэхэд нөлөөлж, тамхинд орохоос сэргийлж чадна гэсэн судалгаа байдаг аж.

Эцэст нь хэлэхэд нэгэнт тамхинд орсон хүмүүс тамхинаас гарахын тулд янз бүрийн эмчилгээ хийлгэж тамхинаас гарахыг хичээдэг. Орчин үеийн хөгжил дэвшлийг дагаад тамхинаас гаргах олон ч арга буй болсон гэдгийг та бүгд надаар хэлүүлэлтгүй мэднэ. Гэвч тамхинаас гарах нь хувь хүний ухамсартай холбоотой юм гэдгийг хэлэхгүй өнгөрч чадахгүй нь.  Тийм ээ… бүх зүйл таниас л шалтгаална.

Яг одоо та тамхинаас татгалзаж өөрийгөө болон бусдыг хордуулахаа зогсоогооч!!!

Т.Далай

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш