logo
Монгол Улс болон Япон Улсын яамд хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улс болон Япон Улсын яамд хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

2016/06/03

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 2016 оны 06 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийж байна. Тэрээр өнөөдөр Японы Ерөнхий сайд Ш.Абэтай уулзалт хийсний зэрэгцээ Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам хоорондын “Хөдөлмөрийн салбар дахь хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслолд оролцов.

 Уг санамж бичигт гарын үсэг зурснаар Монгол, Япон Улсууд харилцан тохиролцож ажиллах хүч илгээх, хөдөлмөр эрхлэлт, ур чадвар дээшлүүлэх мэргэжлийн боловсролын сургалтад манай улсын дадлагажигчид хамрагдах цар хүрээ өргөжин, баталгаажих юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас Япон Улсад 1500 гаруй дадлагажигч ажиллаж байна.

Тус санамж бичигт гарын үсэг үзэг зурсан УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хэлэхдээ, Монгол Улсын Их Хурлын дарга болон Японы Ерөнхий сайд Ш.Абэ нар оролцон  Японы Ерөнхий сайдын өргөөнд Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам хоорондын “Хөдөлмөрийн салбар дахь хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг  зурлаа. Энэ нь хоёр улс хоорондын технологи, хүн солилцоо болон цаашдын хөдөлмөрийн зах зээлийг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна. Мөн хоёр орны Засгийн газар хоорондын анхны Санамж бичиг гэдгээрээ онцлогтой. Ингэснээр Хөдөлмөрийн яам  Япон Улсад өндөр технологи, япон соёл, ноу-хауг суралцах залуучуудыг эхний ээлжинд хэлний сургалтад бүртгэж эхэлнэ. Ийнхүү зохих журмын дагуу бүртгэгдсэн залуусыг Япон Улсад дадлагажигчаар илгээх ажлыг даруй эхэлнэ. Дадлагажигч ажилчдыг бид ихэвчлэн бүтээн байгуулалтын, үйлдвэрийн, дэд бүтэц, эрүүл мэндийн салбарт ажиллуулахаар төлөвлөж байна гэлээ.

Түүнчлэн УИХ-ын дарга З.Энхболд болон Японы Ерөнхий сайд Ш.Абэ нар Монгол Улсын Уул уурхайн яам, Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам хоорондын “Цэвэр нүүрсний технологийн солилцоог дэмжих хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг үзэглэх ёслолд оролцов. Энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар Монгол Улсад үр ашигтай нүүрсний хэрэглээг дэмжих зорилгоор цэвэр нүүрсний технологийн солилцоог гүнзгийрүүлэх, хамтарсан судалгааг дэмжих, нүүрс хийжүүлэх технологи болон хагас коксжсон шахмал түлшний үйлдвэрлэлийн төсөл хэрэгжүүлэх зэргээр хоёр улс хамтран ажиллах боломж бүрдэх юм. Нүүрс бол Монгол Улсын чухал баялгийн нэг мөн. Өнөөдөр Монгол Улс 173 тэрбум тонн геологийн нөөцтэй. 34 сая тонн батлагдсан нөөцтэй бөгөөд цаашдаа ч энэ тоо нэмэгдэнэ. Нүүрс бол эрчим хүчний нөөцөөрөө цаашид 170 гаруй жил дэлхийд ашиглагдах боломжтой гэсэн судалгаа бий. Дэлхий нийтэд түүхий нүүрсний хэрэглээг багасгах хандлага байгаа ч цаашид нүүрсний технологийг дээшлүүлэн, боловсруулалтын түвшнийг сайжруулж ашиглахаас өөр гарцгүй. Манай улсын өмнө цаашид нүүрсийг үр ашигтай ашиглах шаардлага бий. Энэ чиглэлийн анхны алхам тавигдаж байна. Шинэ нүүрсний цэвэр технологи нь нүүрсийг хийжүүлэн, гарсан хийгээр нь эрчим хүч үйлдвэрлэхээрээ ялгаатай. Монгол Улс цаашид нүүрс, химийн үйлдвэрийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа  хэмээн Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид хэллээ.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид, УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянцогтоо, Б.Баярсайхан, “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Д.Ганбат, Дадлагажигч ажилтны шилжилт хөдөлгөөний төвийн дарга Ш.Батдэлгэр, ГХЯ-ны Ази, Ойрхи Донод, Африкийн газрын дэд захирал Г.Бямбасүрэн  болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш