Дорнод аймгийн Морин спорт, уяачдын холбооны 5-р бага хурлыг 2016 оны 6 сарын 8-ны өдөр хуралдуулах тов гарчээ. Холбооны 35 тэргүүлэгч гишүүнээс 28 нь энэ саналыг гаргаж байгаа аж. Нэгэнт тэргүүлэгч гишүүдийн олонх нь ийм шийдвэртэй байгаа болохоор хурал товлосон өдрөө болох нь дамжиггүй.
Эдгээр тэргүүлэгчдийн бүрэлдэхүүн нь 2012 оны 3 сараас эхлэн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн. Дорнод аймгийн Морин спорт,уяачдын холбооны дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар 4 жил тутам ээлжит бага хурлыг хуралдуулах журамтай байдаг юм. Гэтэл УИХ-н гишүүн Х.Болорчулуун бага хурал хуралдах болсон мэдээг сонссон даруйдаа яаран сандран ирж уг хурлыг болиулахаар оролдож эхэлжээ. Учир нь Х.Болорчулуун Дорнод аймгийн Морин спорт, уяачдын холбооны тэргүүнээр 2012 онд сонгогдоод амласан зүйлсээ огтхон ч биелүүлээгүй юм байна. Уг нь тэр уяачдын тэргүүн болохоор хөцөлдөж байхдаа холбоог өөрийн гэсэн байртай болгоно, хямд хивэг тэжээлээр уяачдаа хангана, уралдаан тэмцээнийг тогтмолжуулж бай шагналыг дааж байна гэх зэрэг маш олон сайхан амлалт өгч байсан билээ.
Өнгөрсөн 4 жилийн турш Дорнод аймгийн уяачид, морь сонирхогч залуус Х.Болорчулууныг амалснаа хийчих байх гэж хараад, хүлээгээд талаар өнгөрсөнд аргаа барахдаа ажил хийдэггүй тэргүүнээ солих шйидвэрт хүрч, ээлжит бага хурлаа зарлан хуралдуулж байгаа юм. Хурлаар тус холбооныхоо шинэ тэргүүнийг тодруулах юм байна.
Эх сурвалж: www.TODAY.mn