Монгол улсын 2 иргэн "дипломат шуудан" гэх наалт бүхий 8 хайрцагтай нийт 29145 хайрцаг тамхи хилээр нэвтрүүлэхээр завдаж байгаад Украин Улсын Дьяково боомтын хилийн шалганы албаныханд баригдсан талаар мэдээлэл гараад байгаа. Уг хэрэгт Будапешт дахь Элчин сайдын яаманд нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажиллаж байсан Д.Дөхөмбаяр гэгч холбогдоод байгаа мэдээлэл ирээд байна. Д.Дөхөмбаяр нь 2004 – 2007, 2011-2015 онуудад Будапешт дахь Элчин сайдын яаманд томилогдон ажиллаж байжээ.
Тэрээр 2015 оны наймдугаар сараас өндөр насны тэтгэвэрт өөрийн хүсэлтээр гарчээ. Одоогоор хүлээн аваад байгаа мэдээллээр түүнтэй хамт явсан иргэн нь Гадаад хэргийн яам болон аль нэг Дипломат төлөөлөгчийн газарт ажилладаггүй хүн юм. Эдгээр иргэдийн хилээр нэвтрүүлэхийг завдсан ачаанд наасан “дипломат шуудан” гэх наалт нь Монгол Улсын Гадаад хэргийн яам, хилийн чанад дахь аль ч Дипломат төлөөлөгчийн газарт хэрэглэгддэггүй, хуурамч болохыг тогтоогоод байгаа ажээ.





