Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр /2016.06.23/ БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй “Куксарой” цогцолборт уулзав.
Уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин хэлэхдээ “Үүний өмнө Монгол Улс, БНХАУ-ын Төрийн тэргүүнүүд хэдэнтээ уулзаж хэд хэдэн чухал тохиролцоонд хүрсэн. Одоо хоёр талын харилцаа маш сайн, ажил хэрэгч түвшинд хүрээд байна. Хоёр орны хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтож, хоёр талын харилцаа гүнзгийрэн хөгжиж байна. Хятад, Монголын харилцаанд шинэ боломжууд гарч ирж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг баяжуулж байна” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “БНХАУ-ын дарга Си Зиньпин тантай өнөөдөр уулзалт хийж байгаадаа туйлын баяртай байна. Хоёр орны харилцаа иж бүрэн стратегийн түвшинд хөгжиж байна. Энэ харилцааг таны Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр тохиролцож байсан. Энэ харилцаа улам идэвхтэй үргэлжлэн хөгжиж байгаад баяртай байна.
Удахгүй Улаанбаатарт болох АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ли Кэцян Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байгаа. Энэ үеэр хүлээгдэж байгаа олон асуудал шийдэгдэнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье.
Өнөөдөр хоёр талын харилцаанд шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байгаа зарим асуудлаар товч санал солилцъё гэж бодсон.
Нэгд, 2004 онд хоёр улсын хооронд байгуулсан хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийг шинэчлэх ажил урагштай явж байна. Энд хамгийн гол нь дөрвөн боомтыг олон улсын статустай болгож шийдэх асуудал чухал байна. Энэ хүрээнд Гашуунсухайт, Ганц модны боомттой холбоотой асуудал байгаа. Энд төмөр замтай холбоотой үүсч байгаа асуудлыг шийдэхэд онцгой анхаарч өгөхийг таниас хүсч байна.
Хоёрт, таныг 2014 онд Монгол Улсад айлчлахад байгуулсан Монгол Улс БНХАУ-ын нутаг дэвсгэрээр далайд гарах бололцоог хөгжүүлэх, төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээ зэрэг асуудал бий. Эдгээрт анхаарал хандуулахыг хүсье.
Гуравт, Хятадын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх Эгийн голын усан цахилгаан станцын асуудалд анхаарахыг хүсье” гэв.