logo
Си Зиньпин: Гурван талын хамтын ажиллагааны нааштай хандлагад сэтгэл хангалуун байна

Си Зиньпин: Гурван талын хамтын ажиллагааны нааштай хандлагад сэтгэл хангалуун байна

2016/06/24

Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 16 дугаар хуралдааны хүрээнд 2016 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Төрийн тэргүүн нарын гурав дахь удаагийн дээд түвшний уулзалт амжилттай болов. Тус уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпиний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Эрхэм хүндэт Ерөнхийлөгч В.Путин, эрхэм хүндэт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  нар аа,

 Гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтыг хөтлөх болсондоо би баяртай байна.

2014 оны 9 дүгээр сард Тажикстаны Душанбе хотноо болсон уулзалтаар гурван талын хамтын ажиллагааг эхлүүлснээс хойш  бид нарын хүрсэн чухал тохиролцооны дагуу холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллаж, хамтын ажиллагааны төсөл хөтөлбөр боловсруулан нэлээдгүй ажлыг хийсэн болно.

2015 оны 7 дугаар сард ОХУ-ын Уфа хотноо Хятад, Монгол, Оросын хамтын ажиллагааг хөгжүүлэх замын зураглалыг баталж, зарласан бөгөөд, гурван талын хамтын ажиллагааны ерөнхий зарчмыг тогтоож салбар тус бүрийн хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон билээ. Гурван улсын эрх бүхий байгууллага, орон нутаг, аж ахуйн нэгжүүд энэхүү замын зураглалыг идэвхтэй хэрэгжүүлж, эдийн засаг, худалдаа, дамжин өнгөрөх тээвэр, аялал жуулчлал, спорт зэрэг салбарт тодорхой төслүүдийг хэлэлцэж нааштай ахиц, үр дүн гаргасан.

Жишээ нь, зам, тээврээр харилцан холбогдох, хил дамнасан тээврийн хүрээнд ӨМӨЗО-ны Манжуур боомтоос Орос, Европын чиглэлд 604 галт тэрэг аялуулсан бол Эрээн боомтоор Монгол Улсаар дамжуулан Орос, Европын чиглэлд нийт 77 галт тэрэг аялуулсан байна.

Өнөөдөр бидний энэхүү уулзалтын дараа Хятад, Монгол, Оросын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр зэрэг чухал баримт бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд гэрч болон оролцох гэж байна. Энэ нь Гурван тал харилцан хөрш орны  давуу талд тулгуурлан нягт хамтран ажиллаж болно гэдгийг харуулж байна. Гурван талын хамтын ажиллагааны нааштай хандлагад сэтгэл хангалуун байна.

Одоо В.Путин Ерөнхийлөгч, Ц.Элбэгдорж  Ерөнхийлөгч нараас цаашид гурван талын хамтын ажиллагааны талаарх саналыг нь сонсъё.

В.Путин Ерөнхийлөгч,  Ц.Элбэгдорж  Ерөнхийлөгч нарын хэлсэн эдгээр саналуудыг гурван талын холбогдох байгууллагууд хэрэгжүүлэх талаар судлахыг санал болгож байна. Эцэст нь би өөрийн бодол, саналыг илэрхийлье.

Хятадын торгоны замын эдийн засгийн бүс, Оросын хөгжлийн стратеги, ялангуяа, Транс Евразийн коридорын бүтээн байгуулалт, Монголын талын “Талын зам” санаачилгыг уялдуулан гурван талын иж бүрэн хамтын ажиллагааг идэвхтэй урагшлуулах хэрэгтэй.

Нэгд. Хятад, Монгол, Оросын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг сайн хэрэгжүүлэх. Хөтөлбөр нь гурван улсын хөгжлийн стратегийг уялдуулсан тодорхой арга хэмжээг хэрэгжүүлж  гурван талын бодит хамтын ажиллагааны нэн тэргүүний чиглэлийг тодорхойлсон болно. Хөтөлбөрт тусгагдсан зам, тээврийн дэд бүтцийн харилцан уялдаа холбоо, боомтын бүтээн байгуулалт, аж үйлдвэр болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоо, байгаль орчныг хамгаалах зэрэг тодорхой салбарын хамтын ажиллагааг хамтран урагшлуулж, нэн тэргүүний төслүүдийг хамтран хэрэгжүүлэн Хятад, Монгол,Ооросын Эдийн засгийн коридорын ажлыг урагшлуулж аль болох эрт тодорхой үр дүн гаргахыг хүсч байна.

Хоёрт, Гурван улсын хил залгаа бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх.

Гурван улсын хил залгаа бүс нутгууд бүсийн байршил, зам, тээврийн харилцан уялдаа холбоо, механизм  зэрэг давуу талтай. Гурван талын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд идэвхи өндөр, суурь үндэс бат бөх байдаг бөгөөд хил залгаа бүс нутгийн хамтын ажиллагааг гурван талын хамтын ажиллагааны нэн тэргүүнд хөгжүүлэх салбар болгох боломжтой. Хятадын тал Монголын талаас дэвшүүлж буй хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх санаачилгыг дэмжиж байгаа бөгөөд дэд бүтэц, зам, тээвэр, хилийн худалдаа, аж үйлдвэр, аялал жуулчлал, хүмүүнлэг зэрэг салбарыг тэргүүлэх салбар болгож, үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлж  гурван улсын хил залгаа бүс нутгийн дэд бүсийн хамтын ажиллагааг урагшлуулан, гурван улсын хил залгаа бүс нутгийн хамтын хөгжлийг авчрах зорилгоор одоо байгаа хоёр талын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсэд суурилан гурван талын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах талаар хэлэлцэн судлахыг санал болгож байна.

Гуравт, ШХАБ-ын хүрээнд гурван талын хамтын ажиллагааг өргөжүүлэх.

ШХАБ үүсч хөгжсөний 15 жилийн хугацаанд олон улсын тавцан дахь нөлөө өдрөөс өдөрт нэмэгдэж, улам олон улс “Шанхайн үзэл санаа”-г хүлээн зөвшөөрч тус байгууллагатай хамтын ажиллагааны түвшинг нэмэгдүүлэх, эрсдэл болон сорилтыг хамтран шийдвэрлэх, тус байгууллагын хөгжлийн боломжийг хамтдаа хуваалцахыг хүсч байна. Уфа хотноо болсон ээлжит уулзалтын дараа гишүүнээр өргөнөөр элсүүлэх ажил эхэлсэн бөгөөд тус ажил тогтвортой урагшилж байна. Мөн ажиглагч орон болон яриа хэлэлцээний түнш орнуудын тоо нэмэгдэж байна. Байгууллагын хөгжлийн шинэ боломж үүсч байгаа нь харагдаж байна. ШХАБ нь Хятад, Монгол, Оросын гурван талын хамтын ажиллагааны ашигтай талбар. Монгол Улс тус байгууллагын анхны ажиглагч улс. Хятадын тал Орос болон бусад гишүүн орнуудтай хамтран ШХАБ-ын хүрээнд Монгол Улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, үүнд ШХАБ-ын 2025 он хүртэлх хөгжлийн Стратеги болон нээлттэй түншлэлийн харилцааны бодлогыг хамтран хэрэгжүүлж, мөн Монголын талтай дамжин өнгөрөх тээвэр, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, гамшгаас урьдчилан сэргийлэх болон бууруулах, эрчим хүч зэрэг чухал салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна.

 Амжиллтай, ажил хэрэгч уулзалт боллоо. Дараа жил болох гурван улсын Төрийн тэргүүн нарын 4 дэх удаагийн уулзалтыг Монгол Улс даргална. Ээлжит уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахаар Монголын талаас удаа дараа дэвшүүлсэн саналыг би зохимжтой гэж үзэж байна. Гурван улсын Гадаад хэргийн яамд тус асуудлыг идэвхтэй судлаж үзэхийг санал болгож байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш