Дөнгөж хөлд ороод удаагүй байсан, хоёр настай учраа мэдэхгүй бяцхан охин ээж ааваасаа салан гудамжаар алхаж байгаад хоёр удаа машинд дайруулсан талаар бид мэдээлж байсан. Бэртсэн хүүхдэд туслах хүн байхгүй байсан нь Хятадын нийгэм доройтож, ялзарсныг дэлхий нийтэд харуулсан хэрэг болсон юм. Эмч нар бүсэлхийнээс доод хэсэг нь бяцарч, мэдээгүй болсон байсан охины амийг аврах гэж чадах чинээгээрээ оролдсон ч охин өвчин зовиураа даалгүй эмнэлэгт нас баржээ. Охины амийг аварсан 58 настай цэвэрлэгч эмэгтэйг хэдийгээр орон нутгийн засаг захиргаа, хувь хүмүүс, компаниуд олон мянган ам.доллараар шагнаад байсан ч охины бие муу хэвээр байсан юм. Эмч нар Ванг Юү охин энэ сарын 13-ны өдөр осолд орж гэмтсэнээсээ хойш найм хоногийн дараа өөд боллоо гэжээ. Осол гарсны дараа цагдаа нар хоёр машины жолоочийг дугаараар нь илрүүлж тэр дор нь баривчилж хорьжээ. Энэ сарын 13ны өдөр хоёр ч машин охиныг дайраад гарч байхад хажуугаар нь өнгөрсөн 10 гаруй хүн түүнд хүмүүс туслаагүй. Машинд дайруулан цус нөжиндөө хутгалдаад бараг 10 гаруй минут өнгөрсний дараа гудамжны цэвэрлэгч авгай ирэн түүнийг машин замаас холдуулсан байдаг. Хятадын эдийн засгийн үсрэнгүй хөгжил Дундад улсын ард иргэдийг, нийгмийг илүү баян хоосны ялгаатай болгож байгаа. Үүнийгээ дагаад Хятадын нийгэм ялзарч байгааг охины үхэл харуулсан хэрэг болсон юм. Түүнийг нас барсны дараа Хятадын ард түмэн, нийгэм хоёр хуваагдаад байна. Нүд хальтрам дүрс бичлэгийг интернетээр үзсэн хүмүүс охинд туслалгүй хажуугаар нь явж байгаа хүмүүсийг хараан зүхсэн юм. Гэмтэж бэртсэн хүнд тусласан хүн өөрөө хэрэгт ордог гаж тогтолцооны уршиг энэхүү бяцхан охиныг тойрсонгүй. Гудамжинд явж байсан хүмүүс мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрч байгаа нь үүний илэрхийлэл юм. Охиныг аварсан цэвэрлэгч эмэгтэй хэрэгт орно гэж Хятадын үзэгчид таамаглаж байсан нь талаар өнгөрч, харин ч хүний амь аварсан баатар болсон юм. Гунажоу мужийн Коммунист намын дарга сонинд ярилцлага өгч, Хятадын ард түмнийг илүү боловсролтой болж, хүн чанар, ёс зүйгээ дээшлүүлэхэд анхаарахыг сануулсан байна.
Shuum.mn
Shuum.mn