logo
Улсын онцгой комисс хуралдлаа

Улсын онцгой комисс хуралдлаа

2016/07/07

Улсын онцгой комиссын 2016 оны III хурал өчигдөр болж, цаг үеийн 4 асуудлыг хэлэлцлээ. Улаанбурхан өвчний дэгдэлтийн нөхцөл байдалд үнэлгээ дүгнэлт өгөх, халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг уялдуулан зохицуулах үүрэгтэй Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсгийн хийсэн ажлын тайлан, үр дүнгийн талаар ЭМСЯ-ны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Энхболд танилцууллаа. Энэ оны эхний 5 сарын байдлаар 27363 иргэн улаанбурхан өвчнөөр өвчилсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 14 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин сүүлийн 7 хоногийн байдлаар 116 хүн өвчилсөн нь өмнөх 7 хоногтой харьцуулахад 26 хувиар буурсан үзүүлэлт. Өвчний дэгдэлт буурч байгаа бөгөөд дархлаажуулалт хийсэн насныхны хувьд өвчлөл 1.5 дахин буурсан гэдгийг онцолсон юм.

Цаг агаарын урьдчилсан төлөвөөр 7 дугаар сарын 7-10-нд 38 хэм хүртэл хэт халах магадлалтай байгаа бол баяр наадмын өдрүүдэд бага зэргийн бороо орно, 13-наас цаг агаар сэрүүсэн 21 хэмд хүрч, аадар бороо, мөндөр, аянга, цахилгаан, хүчтэй салхи зэрэг үзэгдэл болох төлөв ажиглагдаж байна гэж УЦУОШГ-ын дарга Д.Цогт-Очир мэдээлэв.

Мөн улсын онцгой комиссын эхний хагас жилийн ажлын тайлан, цаашид шийдвэрлүүлэхээр хүлээгдэж байгаа хөрөнгийн асуудлуудын талаар тус комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар танилцууллаа.

Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ц.Оюунбаатар шуурхай ажлын хэсгийг татан буулгаж байгааг онцлоод улаанбурхан өвчин ес дүгээр сараас дахих магадлалтай гэсэн ДЭМБ-ын шинжээчдийн зөвлөмжийн дагуу ЭМСЯ-нд нөхөн дархлаажуулалтыг үргэлжүүлэн зохион байгуулахыг үүрэг болгов. Мөн комиссын гишүүдэд хариуцсан чиглэлээрээ өвөлжилтийн бэлтгэл ажлыг ханган ажиллах, гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах асуудлыг Засгийн газрын хуралдаанд яаралтай оруулж, шийдвэрлүүлэхийг даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш