Энэ сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод эхэлсэн Ази Европын дээд хэмжээний 11 дүгээр уулзалт өндөрлөлөө.
Уулзалтыг дүгнэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Европын зөвлөлийн Ерөнхийлөгч ноён Дональд Туск, Европын комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер, Мъянмар улсын Eрөнхийлөгч У Тин Чяу, Словак улсын Eрөнхий сайд Робeрт Фицо нар мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж:
“Бид хоёр өдөр хуралдлаа. АСЕМ-ын 11 дүгээр дээд түвшний уулзалтыг амжилттай явуулж өндөрлөж байна. Энэ хурлаас чухал шийдвэрүүд гарсан. Эхнийх нь Улаанбаатарын тунхаглал, удаах нь Даргын мэдэгдэл гэсэн хоёр том баримт бичиг. Энэхүү дээд түвшний уулзалтын үеэр Ази-Европын 20 жилийн ойг тэмдэглэлээ. АСЕМ-ын уулзалтын өмнөх өдөр Францад аймшигт халдлага гарсан. Бид Франц улсын ард түмэнтэй, Европын ард түмэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байгаа. Монгол Улс терроризмтэй тэмцэхэд бэлэн байна. Энэ бол хурлын чухал хэсэг байлаа. Хоёр өдөр үргэлжилсэн АСЕМ-ын хүрээнд нийтдээ 62 уулзалт боллоо. АСЕМ-д хүрэлцэн ирсэн улс орны удирдагч, дээд түвшний төлөөлөгчид өөр хоорондоо 100 гаруй албан ёсны уулзалт хийжээ. АСЕМ-ын уулзалтаар Бизнесийн уулзалт, Ард түмний чуулга уулзалт, Парламентын чуулга уулзалт, Залуучуудын чуулга уулзалтаас гарсан баримт бичгийн тайланг сонслоо. АСЕМ-ын уулзалтад зүориулж бэсрэг наадам зохион байгууллаа. Наадам бол манай түүх, соёл бүх зүйлийг өөртөө шингээсэн зүйл. АСЕМ бол 100 жилд нэг удаа тохиох онцгой үйл явц. Монгол Улс 100 жилийн дараа АСЕМ зохион байгуулж магадгүй”
Европын зөвлөлийн ерөнхийлөгч Доналд Туск:
"Юуны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид талархлаа илэрхийлье. АСЕМ-ын үйл ажиллагааг Монгол Улс сайн зохион байгууллаа. Бид хэзээ ч мартагдахааргүй, сайхан дурсамжийг үлдээсэн аялалыг Монголд хийлээ. Ялангуяа өчигдрийн наадам их таалагдсан. Гэхдээ зөвхөн наадам үзсэн болохоор энэ удаагийн АСЕМ мартагдахааргүй болсон гэсэн үг бишэ. Энэ үеэр дэлхий нийтийг цочроосон хэд хэдэн үйл явдлыг бид харлаа. Францын Нисс хотод террорист халдлага боллоо. Турк улсад төрийн эргэлт хийх оролдлого гарлаа. Өнөөдөр өглөө бид Туркийн асуудлаар ярилцлаа. Бид дэлхий нийтийн хэмжээнд эв нэгдлээ илэрхийлж, терроризм, хүчирхийллийн эсрэг хамтдаа тэмцэх ёстой гэдэг дуу хоолойгоо хүргэлээ. Турк бол манай Европын холбооны чухал түншүүдийн нэг. Европын холбоо ардчиллын замаар сонгогдсон Засгийн газар, ардчиллын иституциудыг үргэлж дэмжсээр ирсэн. Мөн хуулийн засаглалыг байнга дэмждэг. Тийм учраас Турк Үндсэн хуулийн аргаар ардчиллыг бэхжүүлэх ёстой гэдэг дээр санал нэгтэй байсан. Европын холбоо ийм байр суурьтай байна. Цаашдаа Турк Европын холбооны гишүүн орон болох байх гэж найдаж байгаа"
Евро Комиссын ерөнхийлөгч Жан Клод Юнкер:
"Би Монголд гурав дахь удаагаа ирж байна. Ирэх тутамдаа Монгол Улс хэрхэн хурдацтай хөгжиж, өөрчлөгдөж байгааг хардаг. Би өмнөх 10 удаагийн АСЕМ-ын уулзалтад оролцож байсан. Энэ удаагийнх хамгийн өвөрмөц, онцлогтой нь байлаа. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт биднийг уялдаа холбоогоо сайжруулж, үр дүнтэй хамтран ажиллах талбар болдог. Терроризтэй тэмцэх Худалдааг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, дүрвэгсдийн асуудлыг шийдэх гэх зэрэг олон асуудал бий. Тэр бүгдэд дэлхийн хэмжээний хариу үйлдлэл, шийдэл хэрэгтэй. Үүний төлөө бид хамтран ажиллаж байна. АСЕМ-ыйэ 12 дугаар уулзалтыг бид амжилттай зохион байгуулах болно. Брюссельд хоёр жилийн дараа 2018 онд АСЕМ-ын ээлжит уулзалт болно. Монгол Улсын Ерөнхийлөгчид баярлалаа."
Мьянмар улсын Ерөнхийлөгч Тин Киев:
"Европ, Азийн түнш орнууд АСЕМ-ын 11 дүгээр уулзалтад Улаанбаатар хотноо хуралдлаа. Энэхүү хуралдааны үеэр бид өнгөрсөн 20 жилд хийж, бүтээсэн ажлуудаа эргэн харж, цаашдаа хэрхэн хамтран ажиллах вэ гэдгээ ярилаа. Бид АСЕМ-ын гурван тулгуур баганыг сайжруулах хэрэгтэй гэдэг дээр санал нэгдлээ. Мөн хоёр бүс нутгийн уялдаа холбоог сайжруулах ёстой гэдэг дээр санал нэгдлээ. Зөөлөн болон хатуу уялдаа холбоогоо сайжруулж, бүс нутгийн хоорондын хамтын ажиллагаа, тулгарч буй нийтлэг асуудлуудаа ярилцлаа. Терроризмтэй тэмцэх, хууль ёсыг дээдлэх, тогтвортой хөгжлийн 2030 оны зорилт, байгалийн гамшгийн эрсдлийн бууруулах, хөгжилтэй холбоотой асуудлуудыг ярилцлаа. Нисс хотод болсон халдлагын дараа удирдагч нар Франц улсад болсон халдлагатай холбоотойгоор эмгэнэл илэрхийллээ. Мөн хурлын хажуугаар бид олон удаагийн хоёр талт уулзалтыг хийлээ. Улс орон болгон өөр өөрсдийн үзэл бодолтой, өөр өөрсдийн бэрхшээлтэй. Гэхдээ бүгд л ард иргэдийнхээ ашиг, сонирхлын төлөө явж байгаа. Энэ бүх асуудал, бэрхшээл нь бидний хамтын ажиллагаанд саад болох учиргүй. АСЕМ-ын үр дүнд бий болсон хамтын ажиллагаа маань зөвхөн хоёр тивийн улсууд төдийгүй дэлхий дахинд үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Эцэст нь дүгнэж хэлэхэд, Мьянмар улс АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг 2017 онд зохион байгуулах болно. Баярлалаа"
Словак Улсын Ерөнхий сайд Роберт Фико:
"Өнгөрсөн хоёр өдрийн турш бид ямар хүнд хэцүү цаг үед амьдарч байна вэ гэдгийг бидэнд санууллаа. Европ, Ази тивүүд хоорондоо хамтран ажиллах хэрэгтэй байгааг санууллаа. Нисс хот болон Туркт болсон гунигтай явдлууд нь биднээс хол хөндий үйл явдал биш ээ. Энэ бол бүх дэлхийд хамаатай асуудал. Бид бүх асуудлаар адилхан үзэл бодол байхгүй. Бүгд өөр өөрийн гэсэн үзэл бодолтой. Гэвч бид яагаад эрх тэгш, харилцан ашигтай байдалтайгаар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх ёстой вэ гэдгээ ойлгодог. Би Монгол орны найрсаг сайхан харилцаа, Монгол Улсын Ерөнхийлөгчид талархлаа илэрхийлье. Миний хувьд АСЕМ-ын 11 дүгээр уулзалтад өөрийнхөө улсыг төлөөлөн оролцох нь нэр төрийн хэрэг байлаа. Бид хөтөлбөртөө тусгагдсан асуудлыг биелүүлэхийн тулд маш их зорилго тавьж ажиллаж байна. Бид чухал сэдвүүдийн талаар ярилцлаа. Терроризмтэй тэмцэх, байгалийн гамшгийн эрсдлийг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилт гэх зэрэг олон чухал сэдвээр ярилцах боломжийг АСЕМ-ын 11 дүгээр уулзалт бий болголоо. Ирэх 10 жилд бид АСЕМ-ын үйл ажиллагааг улам илүү сайжруулж, урагшлуулах ёстой. Үүнд бид бэлэн байна. Ноён Ерөнхийлөгчөө, таны найрсаг занд баярлалаа"
АСЕМ-ын 11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтаас “Улаанбаатарын тунхаглал” баримт бичиг болон “Даргын мэдэгдэл”-ийг тус тус гаргасан. Үүнээс гадна АСЕМ-ын 12 дахь уулзалтыг 2018 онд Бельгийн нийслэл Брюсель хотноо зохион байгуулахаар болсон юм.