Сутайхайрхан уулын тэнгэрийг тайх тахилга, төрийн их ёслол 2016 оны долдугаар сарын 25-ны өдөр буюу XVII жарны гал бичин жилийн зуны адаг сарын рашаан барилдлагатай шар бичин өдөр Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт орших Төрийн тахилгат Сутай хайрхан уулнаа ёслол төгөлдөр болж өнгөрөв.
Уг тахилгын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Пүрэвдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, дэд дарга Б.Тогтохбуян, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, О.Чулуунбилэг, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Даваа, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, Ховд аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан, ИТХ-ын дарга болон орон нутгийн удирдлагууд, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн дэд хамба Л.Амгалан, Говь-Алтай, Ховд аймгийн хийдийн лам хуваргууд шашин номын зүтгэлтнүүд, хишигтэн олон өргөнөөр оролцлоо.
Тахилгын ёслолын өмнөх өдрийн орой Монголын Бурхан шашинтны төв, Гандантэгчэнлин хийд, орон нутгийн хийдийн лам нар “Итгэл”, “Ганданлажаа”, “Өлзийхутаг буулгах сан”, зэрэг ном хурж, Долоон бурхан одны тахилга үйлдсэн юм.
2016 оны долдугаар сарын 25-нд Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх тахилга эхлэх үед лам хуврагууд жавдандаа сууж, Ламчодов, Жигжид, Юлтий, Дэвжид сэржидам зэрэг ном хурсан бөгөөд энэ үеэр Морин цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хүрэлцэн очив.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан овооны тахилгын тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирэхэд тайлгын ерөөл дуудлагын элч Их цагаан өчлийг дуудаж тэнгэрт цацал өргөн угтаж авав.
Монгол Улсын Ерөнхийлөгч "Ганжуур" их хөлгөн судраас адис авч ёслоход хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Дорнын элч сүлд, Говь-Алтай аймгийн туг, Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг овооны хоёр талд хүндэтгэн залж байрлуулав. Энэ үед Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэж, Монгол Улсын төрийн тэргүүн Цахиагийн Элбэгдорж хишигтэн олонд хандаж үг хэлсэн юм. Хэлсэн үгэндээ
...Эрхэм хүндэт иргэдээ,
Сутай хайрханы тахилгын сангийн сударт “Онгон дагшин газрыг ухаж, уул хайрханыг урвуулсан хийгээд ой модыг огтолж, ус мөрнийг булингартуулсан тэргүүтэн ойшоож эс мэдсэний эрхээр тэнгэр, лус савдагтаа омтгой хорлол, осол харшлал алин үйлдсэн бүхнээ илчлэн наманчилму” хэмээжээ. Эртний энэ өчил, наманчлалыг энэ өдөр давтан айлтгая аа. Ингэснээр “Сутай ханы сан”-гийн судар болоод өдгөө үйлдэж буй төрийн тахилгын ёслолын утга санаа нэгэн мөн чанарт нэгдэн нийлж байна.
Бидний өвөг дээдэс уул ус, ургамал цэцэгс хийгээд ертөнц дэлхийн юмс бүхнийг амь шүншигтэй хэмээн хүндэтгэн үзэж, аргадан сүслэж, ая зан, жам ёсонд нь амьдрал ахуй, аж байдлаа зохицуулж, зохицож ирсэн нь амьдралын гүн ухаан, чин ариун сүсгийн илэрхийлэл мөн.
Ардын уламжлалт энэхүү ёс заншил эдүгээ төрийн зарлигт ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болсон нь учиртай. Нэг талаас, энэ нь ардынхаа ухаанаас төр нь суралцаж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үйл хэргийг иргэний ёс заншлаар төдийгүй төрийн бодлогоор баталгаажуулан, дэмжин тэтгэж хэрэгжүүлж буйн илрэл юм. Нөгөө талаасаа, уламжлалт ёс заншил, зан үйл, итгэл сүсгийг сэргээж, өвлөн залгамжлуулах нь даяаршиж буй дэлхий ертөнцөд Монгол Монголоороо орших, үндэсний үзэл ухамсар, бахархал омогшлыг бадраан хөгжүүлэх учир холбогдолтой болой.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх айлтгалаас адис авч тахилгын гал болох мандлын бурханд өргүүлэн, тэнгэрт илгээх ёслол үйлдэв.
Лам хуврага нар тахилгын цацлын өчил уншин, цацал өргөж, судар дуудахад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж овооны сорогшин модонд хадаг уяж, зул бадраан, сүү өргөн, идээ шүүсийг хөндөж дээжийг овоонд тавив.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх сумыг хуяг дуулга бүхий аймгийн сурын холбооны тэргүүн хавраач Б.Лхагвадоржид өгч, тэнгэрт дуут сум илгээх ёслол үйлдэв. Энэ ёсыг хийж дуусангуут хишигтэн олон өөрсдийн байранд гурвантаа сөгдөн мөргөв.
Түүний дараа хуврагууд "Морины сэтэр" ном уншиж эхлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Сутай хайрхан ууланд онголон сэтэрлэх бор морийг тэнгэрийн хүлэг болгох ёс үйлдэв. Бор морийг Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багийн малчин С.Энхболдын адуун сүргээс сонгосон байна.
Сутай хайрхан уулын Тэнгэрийг тайх ёслолд хол ойроос цугласан нийт мянга гаруй хишигтэн олон оролцсон бөгөөд нар хур тэгширсэн сайхан өдөр тохиолоо хэмээн сүсэгтэн олон бэлэгшээж байв.
Ийнхүү Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол өндөрлөв.