logo
Улаанбаатар хотын музейн барилгын түүхийг танилцуулж байна

Улаанбаатар хотын музейн барилгын түүхийг танилцуулж байна

2016/08/23

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын музейгээс хотын иргэдийн түүх, соёлын дурсгалын талаарх мэдлэгийг тэлэх зорилгоор Улаанбаатар хотод зорьж үзэх ёстой 20 дурсгалыг хөшөө дурсгал, сүм хийд, дурсгалт барилга, дурсгалт газар гэсэн дөрвөн чиглэлээр танилцуулж байгаа билээ. Энэ удаа Улаанбаатар хотод зорьж үзэх дараах таван дурсгалт барилгуудаас Улаанбаатар хотын музейн барилгын түүхийг гэрэл зургийн хамт хүргэж байна.
 
1.    Чин ван Ханддоржийн барилга
2.    Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн барилга
3.    Улаанбаатар хотын музейн барилга
4.    Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын барилга
5.    Улсын драмын эрдмийн театрын барилга
 
УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙН БАЙШИН
 
Оросын буриад худалдаачин Цогт Гармаевич Бадамжав (Цогтбадамжав) 1918-1919 онд өөрийн сууцанд зориулан бариулж, 1932 он хүртэл эхнэр хүүхдийн хамт амьдарч байв. Энэ байшинд 1921 оны 7 дугаар сарын 8-10-нд Монгол Улсын Намын төв хороо, Ардын түр засгийн газар, хашаанд нь Бүх цэргийн штаб байрлаж байв. Тус байшинд 1930-аад оны үед Зөвлөлт-Тува улсын элчин сайдын яам, 1946-1953 онд Д.Сүхбаатарын музей, 1953-1956 онд Хэвлэлийн төв газар, 1956 оноос өнөөг хүртэл Улаанбаатар хотын музей байрлаж байна. Энэ байшин нь тухайн үед өвөрмөц хийцтэй, тохилог сууцын нэгд тооцогддог байсан бөгөөд Цогтбадамжав байшингийнхаа орой дээр Оросын хаан ширээ унасныг бэлгэдэн ширээ хөмрүүлэн, хөлийг дээш харуулан байрлуулсан нь өдгөө ч хэвээр хадгалагдан үлджээ.
 
Хамгаалалтын зэрэглэл:

БНМАУ-ын СнЗ-ын 1961 оны 524 дүгээр тогтоол улсын хоёрдугаар зэргийн (нийслэлийн) хамгаалалтад, Монгол улсын Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор улсын хамгаалалтад авсан.

Байршил:
Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөөний урд талд, Сангийн хорооны гудамжны зүүн талд, Бөхийн өргөөний зүүн хойд талд байрладаг.

Солбилцол:
N47 55 6.1
E106 56 9.7

Онцлог:
Дорнод Сибирийн уламжлалт загвартай барилга

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш