“Ebenezer” продакшн, “Эрдэнэчулуут” компанийн хамтын бүтээл “Би эхнэрийнхээ нууц амраг” Монголын уран сайхны кино, кино театруудын дэлгэцнээ гарч эхлээд байна. Энэхүү киноны зохиолч, найруулагчаар Б.Ганхөлөг, продюссерээр Р.Лхагвадорж, кино төслийн зөвлөхөөр МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, МСНЭ-ийн Ерөнхийлөгч, зохиолч, сэтгүүлч Б.Галаарид нар ажиллажээ.
Тус кино нь монголын болон олон улсын кино жүжигчдийн хамтарсан төсөл бөгөөд гол дүрд Швейцари улсын циркийн болон театр киноны жүжигчин Констанс Хелен Бугнон, ХБНГУ-ын театр киноны жүжигчин Марк Кубин, жүжигчин Н.Ариунномч нар тогложээ. Энэхүү киноны талаар МСНЭ-ийн ерөнхийлөгч МУУГЗ зохиолч сэтгүүлч Б.Галаарид ийнхүү онцолж байна.
“Би эхнэрийнхээ нууц амраг кино бол хэд хэдэн онцлогтой уран бүтээл. Нэгдүгээрт их олон орны уран бүтээлчид орсон байна. Америк, Швейцар, Герман, Орос ингээд таван орны уран бүтээлчид оролцсоноороо их онцлог юм. Хоёрдугаарт төрөл зүйлийн хувьд сэтгэлзүйн романс гэж хэлж болох, нэгэн дор их олон зүйлийг бодож эргэцүүлэх даалгавар өгсөн их сонирхолтой кино. Гуравдугаарт бол уламжлалт бүтээл өдгөө гарч байгаа дэлгэцийн бүтээлүүдээс ялгарах байдлаар хийгдсэнээрээ өвөрмөц ийм кино боллоо гэж дүгнэж байгаа.
Кино зохиолын хувьд бол тэр болгон гараад байдаггүй өнцгөөс гаргасан чадварлаг гаргалгаатай уран сэтгэмжтэй энэ утгаараа их сонирхолтой, үзүүштэй, үзсэний дараа бодууштай ийм бүтээл хийж чаджэээ гэж бодож байна. Та бүхнийг энэхүү сэтгэлзүйн драммын киног ирж үзэхийг урьж байна” гэсэн юм. “Би эхнэрийнхээ нууц амраг” кино ТЭНГИС, ӨРГӨӨ-1, 2 СОЁМБО кино театрын дэлгэцнээ өдөр бүр гарч байна.