logo
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

2016/08/25
Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 24-ний ээлжит хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Үүнд,
  • УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын санаачлан боловсруулсан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцээд үзэл баримтлалын хувьд дэмжиж, зарим тооцоо судалгаа, хэрэгжүүлэх хугацааг тодруулах нь зүйтэй гэж үзэв.

  • Газрын тосны хайгуулын “Эргэл XII” талбайд Ашигт малтмал, газрын тосны газар болон “Smart oil investment limited” ХХК-ийн хооронд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрхийг  тус газрын дарга Б.Баатарцогтод олголоо.

  • УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын гишүүдээс санаачилсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, төслийг  УИХ баталбал мөрдөж эхлэх хугацааг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээр тогтоох саналыг уламжлахаар тогтлоо.

  • Засгийн газрын 2012 оны 61 дүгээр тогтоолоор батлагдсан “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний IV хөтөлбөрийн төгсгөлийн үнэлгээний дүнг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг танилцууллаа. Хөтөлбөрийн шинэчилсэн хувилбарыг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан боловсруулж танилцуулахыг түүнд даалгалаа.

  • ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн малын гоц халдварт шүлхий болон цэцэг өвчний талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийв. Малын эдгээр өвчний гаралт, тархалтын талаар яаралтай судалж,  хуулийн тогтоомжийн дагуу холбогдох арга хэмжээ авах санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулахыг Шадар сайд болон ХХААХҮ-ийн сайдад даалгалаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш