Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.09.20/ “Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн тэргүүн Ц.Такэбэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
“Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн тэргүүн Ц.Такэбэ уулзалтын эхэнд Улсын Их Хурлын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийллээ. Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар Монгол Ардын нам үнэмлэхүй ялалт байгуулсан явдалд тэрбээр баяр хүргээд шинээр байгуулагдсан Улсын Их Хурал Япон Улс, Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн, өргөжүүлэх чиглэлээр ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэн хэлсэн юм.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд Хоккайдо дахь Монгол Улсын Өргөмжит Консул, “Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн тэргүүн ноён Ц.Такэбэ-тэй дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. Ноён Ц.Такэбэ Монгол, Япон хоёр улсын харилцааг хөгжүүлэх үйл хэрэгт олон жилийн турш үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирсэн явдалд Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм. Япон Улсын Хоккайдо муж нь уур амьсгалын хувьд манай улстай төстэй бөгөөд энэ удаагийн “Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийнхний Монгол Улсад ажиллаж байгаа айлчлалын үр дүнд хоёр орны эдийн засаг, бизнесийн харилцаа идэвхжин, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх, мөн хоёр талын бизнес эрхлэгчид харилцан ашигтай хамтрах өргөн боломж нээгдэнэ хэмээн найдаж буйгаа Улсын Их Хурлын дарга хэллээ.
Мөн тэрбээр Монгол Улсын эдийн засагт үүссэн хүндрэлийг богино хугацаанд даван туулах томоохон сорилт тулгарч байгааг дурдаж, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ чиглэлд шуурхай ажиллаж байгаа бөгөөд ирэх 10 дугаар сард гадаадад хийх анхны айлчлалаа Япон Улсаас эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байгааг дурдсан юм.
Үргэлжлүүлэн талууд хоёр орны эдийн засаг, бизнесийн салбарын харилцаа, парламент хоорондын болон парламент дахь найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааны ач холбогдлын талаар харилцан ярилцаж, санал солилцлоо.
Уулзалтад Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.