logo
Р.Гантөгс:

Р.Гантөгс: "Номин" бол хайрын, уянгын дууны галт тэрэг ...

2016/10/03

Дуу хуур, хөгжимгүйгээр хүний амьдралыг төсөөлөхийн аргагүй. Энэ бүхэн ямар нэгэн дурсамж дурдатгалыг багтаасан байх агаад хүссэн цаг хугацаандаа сэтгэлээрээ саадгүй хүрчих шидтэй юм гээч. Тэр дундаа ерээд оныхны амьдралд “орцны дуунууд” олон юмыг өгүүлдэг бизээ. 

Хайр дурлал, үерхэл нөхөрлөл, магадгүй бүтэлгүй хайрын гонсгор түүхүүд гээд л. Үүнийг “Шигтгээ”-гийн “Жирийн монгол охин”, “Титэм”-ийн “Үзэсгэлэнт од”, “Номин”-гийн “Хожимдсон гэмшил”, “Дурлал”, дуучин С.Батболдын “Заяа”, Л.Байзадагийн “Танилцъя охин” зэрэг дуунууд үгүйгээр төсөөлөхөд бэрх. Үүнээс үүдээд бид ерээд оны залуусыг ярилцлагын ширээнээ урьсан юм. 

“СЭТГҮҮЛЧ ЗОЧИН”- поп дуучин Л.БАЙЗАДА, зочин Р.ГАНТӨГС нар ийнхүү ярилцлагын буухиаг үргэлжлүүлж байна. /Үүний өмнө Капитал Баяраа оролцсон билээ

Өөрийн овог мэт “Номин”-гийн Гантөгс хэмээн олонд танигдсан дуучин эрхэм тун удахгүй буюу 10-р сарын 21-нд Улаанбаатар паласед болох “Латиф” сангийн таван жилийн ойн "ГАЙХАМШИГ" тоглолтонд оролцохоор бэлтгэлдээ орсон сониныг дуулгаснаар ярилцлага маань эхэлж байна. 

Л.Байзада: Монголын рок попын түүхэнд орчин үеийн хөгжмийн тод төлөөлөл болсон хамтлагуудын нэг бол “Номин” гэж би боддог.  Одоог хүртэл “Номин” хамтлаг гэж мэдэхгүй атлаа дууг нь залуус аялсаар л явна. Минийхээр дуу гэдэг тухайн хүнд заяадаг юм  шиг ээ. Цаг хугацаа яваад 20 гаруй жил өнгөрсөн ч Төгсөө дуутайгаа л явна?  

Р.Гантөгс: Баярлалаа. Үнэхээр Равжаа бид хоёрт заяагдсан дуунууд гэж хэлнээ.  Тэгэхээр найзынхаа тухай  эхлээд ярих ёстой болов уу. Бидний уран бүтээлийн гараа 1985, 86 оноос эхтэй байдаг юм. Би 1986 онд найм, 1988 онд аравдугаар ангиа төгсөөд цэрэгт явж байлаа.  Хувь тавилан гэж сонин шүү. Бид армид нэг ангид алба хаасан.  

Тэгэхдээ үүнээс өмнө дуугаар холбогдсон улс л даа. Равжаа арван жилд байхдаа “...Эгэл дөлгөөн царайг чинь би анх хараад, А үсгээр эхэлсэн чинийхээ нэрийг....” гээд Алтанцэцэг дуугаа хийчихсэн байсан. Одоо энэ Төрийн соёрхолт Сувд гуайн хүү Бат-Оргил бид хэд чинь микрийн нэг орцноос нөгөөд нь хөөгдөөд л гитар балбаад гүйж явлаа. 

         Равжаа их сонин хүн байсан л даа. Дууг их хурдан зохионо. Харж байгаад хүнд “ийм амархан уу” гэж дуу алдмаар гээч. “...Уучлаарай хайрт минь чи намайг, Уярсан сэтгэлийг минь ойлгооч ...”, “...Нойр минь чи зүүдээ мартжээ..”, “...Цоглог гэрэлтэх хар нүдээрээ чи анх танилцаад..”,”... Итгэл алдарсан охин чиний өмнүүр”, “...Шил толь шиг гялалзсан шалан дээр...” гээд л олон сайхан дуу байна. Эхлээд манай хүн үгээ  бичээд гаргаад ирнэ. Дараа нь хоёулаа аяа хийнэ. Одоо ингээд ярихаар худлаа л юм шиг сонсогдох байх даа. 10 минутанд гарсан дуу хүртэл байна. Сансрын 51-р байрны тэдний амьдардаг орцонд “...Танай цонхны доор цэцэг барин зогсоод...” дуу төрж байлаа. Равжаа гитараа буруу харуулж байгаад шүлгээ эхэлсэн, дараа нь ая хийсэн. Маргааш нь тэгээд “Баянмонгол” дээр аваачиж бичүүлээд болоо. Тэгэхээр  уран бүтээлийн үнэ цэнэ хурдан удаан бүтсэндээ биш шиг байгаа юм.  

Л.Байзада: -Яг  л “Номин” дуулах ёстой юм шиг.  Түрүүний дуу заяадаг гэдэг тэр юм болов уу. Жишээ нь өнөөдөр Тайванбатын дууг олон хүн өөр өөрийнхөөрөө дууллаа. Гэхдээ хэзээ ч Тайванбатын энд хүрсэнгүй? 

Р.Гантөгс: -Боломжгүй л дээ. Би хааяа клубт “Агшин”-г дуулна л даа. Гэхдээ Цогоод хүрдэггүй л байхгүй юу. Тайвангийн дуунууд ч ялгаагүй. 

Photonews.mn: -Өнөөдөр тэр “орцны дуунууд” яагаад төрөхгүй байгаа юм болоо? 

Р.Гантөгс: - Тэсрэлтийн үе нь 1990 онд болчихсон юм болов уу. Түүнээс өмнө дуу бөөн шалгуураар орж гарч байж гардаг байлаа шүү дээ. Харин ардчилал ялснаар хүн бүхэн дуртай дуугаа зохиогоод дуулдаг болсон. Энэ үед чинь л  “Титэм”, “Харш”, “Болор”, “Үе тэнгийнхэн”, “Аяс” гэхчилэн хамтлагууд гарсан. Их ч олон дуу төрсөн. Гэхдээ цаг хугацааны шалгуураар гээгдэж хасагдаад л явна. 

Л.Байзада: Мэргэжлийн хүний хувьд та нар бол тухайн цаг үеийн дүр  гэж би хэлнээ. Равжаа бол лам хүн байсан. Гүн ухаан философийн талын хүн атлаа гадаад стил нь харахаар нэг тийм атаман ч юм шиг харагддаг үе байлаа. Гэтэл төлөвшлийг нь харахаар тэс өөр.  Их уян хүн байсан уу? Дуунууд нь асар уян зөөлөн хэллэгтэй атлаа аялгуу нь тунгалаг намуухан байдаг? 

Р.Гантөгс: -Манайхан хүнийг өнгөрсөн хойно нь тэнгэрт тултал магтдаг муухай зантай. Гэхдээ би пялга үсрээд ингэж ярьж байгаа юм биш шүү. Олон юм яриад яахав. Зүгээр л тэр үнэхээр мундаг хүн байсан. Аав ээжээс тавуулаа. Аав Дашравжаа нь тухайн үедээ Эрүүл мэндийн яаманд сайд байсан санагдана. Би 53-ийг, Равжаа монгол 14-р дунд сургуулийг төгссөн. Орос 14-ээс монгол руу нь шилжсэн байдаг. Бокс, сагс тоглоно, унаган орос хэлтэй, дуу бичнэ, ном их уншина. Тухайн үедээ бид Найрамдалын районы урлагийн үзлэгээр танилцаж байсан юм. Харин илүү ойртож дотноссон жилүүд гэвэл армиас эхэлдэг. 18-тай залуучууд “Номин” хамтлагийг байгуулнаа гэж ярьдаг байлаа шүү дээ. Ингээд 1990 онд хамтлагаа байгуулж, хоёр жилийн дараа тэр лам болсон.  

Л.Байзада: -Одоо бодоод байхад чамин нэртэй хамтлагууд бүгд ОД болж чадсан юм шигээ. Та хоёр яагаад хамтлагаа Номин гэж нэрлэсэн юм бэ? 

Р.Гантөгс: -Энэ бол Равжаагийн өгсөн нэр. Энд нэгэн нууц задлахад яг үнэндээ би “Номин”-гийн анхны гишүүн биш л дээ. Равжаа өвчний улмаас зургаан сарын өмнө халагдчихлаа. Би араас нь 1990 оны 10 сард халагдаад ирсэн өнөөх маань хэдэн нөхдийн хамтаар хамтлагаа байгуулчихаж. Хамтлагт нь орох гэсэн хоёр, гурван дуучин хэрэггүй гээд “жийдэг” юм даа. Би гомдоод наасан. Гадуур гоё, гоё тоглолтууд болоод байдаг. Цээжинд дуулах хүсэл оволзоод л байгаа юм. Өөр хамтлагууд дээр очихоор нэг л бүтэл муутай. Цаад “Титэм”, “Шигтгээ” эд нар чинь од болчихсон. Манийг юу гэж тоохов. Би хажууд нь жижиг гар байгаа юм чинь. Тэгээд 11 сард нь Гэмтлийн эмнэлгийн сэхээний тасагт  150 төгрөгийн цалинтай асрагчийн ажилд орлоо. Ардчилал ард пижигнээд л байгаа үе шүү дээ. Дотроо бол дуулах бодлоо хаяагүй яваа юм. Цэрэгт байхдаа бид чинь хөгжмийн салааны нэг их гоё чимээгүй харанхуй өрөөнд гитар тоглож, хоёр хоолой салгаад л “Хоёулаа бяц авна, Номин гээд хамтлаг байгуулна” гэж ярьсаар бүүр 1000 хувь итгэчихсэн ирэхэд хамтлагтаа авахгүй болохоор ямар олиг байхав. Тэгсэн 1991 оны Мартын үеэр Равжаа манайд ирлээ. “Найзаа нөгөө хамтлаг болохгүй юм байна. Хоёулаа л дуулбал бяц авах нь” гээд араас нь “миний найз чинь  гоё хоолойтой, энэ тэр” гээд хөөргөж байнаа. Үнэхээр ч бидний хоолой гоё нийлдэг байсан л даа. Би ч дуулахыг үнэхээр хүсч байсан болохоор  яаж татгалзахав дээ. Шууд орно биз дээ. Ингээд бид 1991 оны таван сарын 21-нд Выставка  дээр “...Цоглог гэрэлтэх хар нүдээрээ чи анх танилцаад ...” гээд дуулсан, шууд хит. Бурхан минь үнэхээр алсан л даа. Залгуулаад “...Үүрийн туяа мэлтэсхийх шиг...”, “...Танай цонхны доор цэцэг барин зогслоо...” гэж дуулаад ёстой пижигнүүлсээн. 

Л.Байзада: -Равжаагийн тухай сайхан дурсамж бичих тухай бодож байв уу? 

Р.Гантөгс: -Бид хичнээн найзууд ч түүнийг яг хэн бэ гэдгийг би таньж чадаагүй. Таашгүй сонин хүн байсан санагддаг. Нэг тийм хүмүүс байдаг даа. Найз байгаад байгаа мөртлөө хувь хүнийг нь таньж гүйцэгддэггүй. Тэгээд ч намайг нээхийн аргагүй зүгээр л лаг хүн байлаа. Үнэндээ бидний хамт авахуулсан ганцхан зураг байдаг юм. Зураг их цөөхөн авахуулдаг хүн байлаа. 

Л.Байзада: -Энэ урлагт зүтгэсэн он жилүүдийг эргээд харахдаа харамсах үе гардаг уу? 

Р.Гантөгс: -Яалаа гэж харамсах билээ. Би томхон л хэлчихье. Манай “Номин” бол рок попдоо ч биш урлагийн ертөнцөд тамгаа дарчихсан. Тэгэхээр ийм юм хийчихээд яалаа гэж харамсахав. Хэдийгээр Равжаа  бидний дунд үгүй болоод 18 жил өнгөрсөн ч түүний дуунууд “амьдаараа” байна. Өөрөөр хэлбэл надтай хамт дуугаа дуулаад амьдарсаар л байна. 
Харин сүүлийн үеийн хүүхдүүд урлагийг мөнгөөр хараад байх шигээ. Энэ бол эмгэнэлтэй. Бидний үеийнхэн гоё дуу хийчихсэн, гоё дуулахсан гэж хичээж явсан. Дуулах бөөн дур явлаа. Гэхдээ би энэ өндөрлөгөөс гээд хөгшин хүн шиг юм яриад яахав. Хөгжимд сэтгэл хэрэгтэй. Тэрнээс мөнгө бодож юмуу хэн нэгнийг дуурайж хийгээд хол явахгүй. Зөвхөн дуу ч биш аливаа юманд сэтгэл шингэсэн цагт төгс болдог. Залуучуудыг доош нь хийж байгаа юм биш шүү. Сэтгэл дутаад байна. Хүн болж, энэ хорвоод богинохон хугацаатай ирчихээд сэтгэлгүй амьдарна гэдэг ямар аймаар вэ. Гэхдээ буруутгах аргагүй ч юм шиг. Нийгэм нь ийм болчихож дээ. 
            Үнэндээ бидний үеийнхний дуу давс хужир нь яг таарсан санагддаг юм.  Мэдээж Жанцанноров гуайн хажууд гэж том ярихгүй.  Харин эстрад урлагийн талдаа манай Равжаа даам, даам юм хийж үлдээсэн. 

Л.Байзада: -Оны өмнөхөн тоглолтоо хийхээр зэхэж байгаа гэсэн байхаа? 

Р.Гантөгс: -Тиймээ, тоглолт хийхээр төлөвлөсөн. Ганц үгээр хэлэхэд тэр өдрийг тэсэн ядан хүлээж байгаа.  Маш гоёор бодоод байна. Үүнийг тулд өөрийгөө бэлдээд эхэлсэн. 90 оны Төгсөө байгаад байж болохгүй шүү дээ. Тэрийг тоглолтоос харах байх даа. Гэхдээ дуунуудын маань үндсэн характер эвдэгдэхгүй. Харин хөгжмийн найруулгыг илүү гоё болгоно. Энэ үдэш “Номин” хайрын, уянгын дууны галт тэрэг” байгаасай гэж хүсч байна. Өөрөөр хэлбэл энэ галт тэрэг маргаашийн зүг түүчээлэн хурдалсаар байх болно.  

Photonews.mn: Ингэхэд Байзда “Танилцъя охин, “Чиний зураг”-тайгаа, “Номин”гийн Гантөгс “Хожимдсон гэмшил”, “Итгэл”-тэйгээ аль хүртэл явах болоо? 

Л.Байзада: -Аль хүрэхийг таашгүй шүү дээ. Би нэг хэсэг Казакстан яваад ирсэн дээ. Тэр үед дахин уран бүтээл хийх сэдэлд хөтөлсөн том хүчин зүйл миний “Танилцъя охин” дуу байсан юм. “Мон Та Реп”-ийн хүүхдүүд “Танилцъя охин”-ыг дуулаад хөгжмийн сувгуудаар хит болгочихсон байлаа. Тэнд Монта реп, Байзада хоёрын нэр гарч байгаа юм чинь. Ингэж энэ дуу маань урлагт эргүүлээд авчирсан. Тэрэнтэй адил Номингийн дуунууд ч ялгаагүй болов уу. Дараагийн залуусын гарах гүүр болж байгаа, тиймээ. Ард түмэн гоё дуугаа л авдаг байхгүй юу. 
Р.Гантөгс: -Харж байхад манай хамтлагийн дууг залуучууд дуулж харагддаггүй. Тэгсэн хэрнээ энд тэнд дуулахаар бүгд дагаад дуулдаг. Саяхан би хороололд айлд очиж яваад өсвөр насны хөвгүүд Номин-гийн дууг орцонд дуулж байгаатай таарсан. Бас л гоё санагддаг юм байна лээ. 

Л.Байзада: -Танай хамтлагийн олон сайхан хайрын дуунууд бий. Дуучныхаа хувьд хайрыг юу гэж ойлгодог вэ. Нууц биш насан туршид бодогдож явдаг хайрынхаа тухай ярьж болох уу? 

Р.Гантөгс: -Тиймээ хүний амьдралд жинхэнэ хайр ганц л тохиодог юм болов уу. Хүн чинь нэг л хүнд хайртай байдаг. Тэрийгээ насан туршдаа хайгаад явдаг бололтой. Би тэрийг биеэрээ ойлгоод, мэдэрч яваа хүн болчихоод байна. Тэртээ 20 жилийн өмнө би нэгэн сайхан бүсгүйд дурласан. Гэвч залуу насны аагаар ялихгүй юмнаас болоод салчихсан. Гэтэл  20 жилийн дараа холбогдох нь тэр. Мэдээж энэ он жилүүдэд өдөр шөнөгүй бодсон гэж худлаа хэлээд яахав. Гэхдээ цээжний мухарт түүнийг л хайгаад, түүнээр дутаж явсан байна лээ. Мундаг үзэсгэлэнтэй  ухаантай бүсгүй бий. 

Photonews.mn: -Тэгэхээр хайр таны дуунд гардаг шиг байх юм уу? Хайр алга болно гэж байх уу?

Р.Гантөгс: -Минийхээр хайр алга болдог юм шигээ. Аймаар хүсч тэмүүлж байгаа мөртлөө амархаан салаад явчихдаг. Тэр бол хайр биш.  Гэхдээ жинхэнэ хайр сэтгэлийн гүнд яваад, олоогүй нь хайгаад л байдаг бололтой. Би өнөөдөр үнэхээр их аз жаргалтай байна. Яг  20 насандаа эргээд очсон мэт.

Л.Байзада: -Эр хүний хувьд харахад чиний амьдрал их ээдрээтэй атлаа сонирхолтой санагддаг. Олон ч жилийг гадаадад өнгөрөөлөө? 

Р.Гантөгс: - Би нэг хэсэг урлагаасаа хазайсан л даа. Равжаагүйгээр өрөөсөн далавчгүй мэт болчихсон санагдсан. Тэр хүн намайг ирлэж, хурцалж өгдөг байлаа. Өнөөг хүртэл түүн шиг хамтрагчийг хайгаад олоогүй л явна. 
     Тиймээ, миний туулж өнгөрүүлсэн амьдрал бас л ээдрээтэй дээ. Би Улаан армид нь ч байлаа. Хар армид нь ч байлаа. Солонгос Япон, тэр бүү хэл Европыг ч нүхлэж явлаа. Гэхдээ мөнгө хийх гэж яваагүй л дээ. Айхтар баян ч байгаагүй. Зүгээр  хөгжмөө тоглоод л, ганцаараа хэрэн тэнэсэн нь тэр. Харин Монголдоо ирээд баар ресторан ч  ажиллуулж үзлээ.  

Л.Байзада: -Шашин шүтдэг үү? Ухаарлыг юу гэж ойлгодог вэ? 

Р.Гантөгс: - Равжаа маань лам хүн байсан шүү дээ.  Шүтдэггүй гэж худлаа хэлэхгүй ээ. Гэхдээ учиргүй шүтээд өдөр алгасахгүй гандангаар гүйгээд байдаггүй. Ер нь аль ч шашин зөв амьдралыг л сургадаг биз дээ. Харж байхад зовлонг хүн өөрөө л бий болгоод байдаг юм биш үү.  Тэгэхээр сайхан амьдралыг ч өөрөө бүтээж болно.

Л.Байзада:-Ярилцлага маань энэ хүрээд өндөрлөж байна. Найзын маань ярьсанчлан “Номин” гэх галт тэрэг хурдаа сааралгүй он цагийн уртад хурдалсаар байх болтугай. Тэр тоолонд зорчих зочдын тоо улам олон болох болтугай.  Төлөвлөсөн бүх ажилд нь томоос том  АМЖИЛТ-ыг хүсье. 

П.Ундраа 
photonews.mn

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш