logo
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

2016/10/06

Засгийн газрын ээлжит хуралдаан 2016 оны аравдугаар сарын 05-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

-  УИХ-ын гишүүн Х.Болорчулууны санаачлан боловсруулсан Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг зарчмын хувьд дэмжив.

-  Дипломат паспорт эзэмшигчдийг визээс чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд нот бичиг солилцохыг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд зөвшөөрөв.

-  “Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв” аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулахаар Засгийн газрын тогтоол баталлаа. Тус төв нь байгаль хамгаалал болон нэн ховор ан амьтан, ургамал хамгаалах, хөрс ус агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр  ажиллах үндсэн зорилготой юм.

-  Эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай, тасралтгүй 24 цагаар ажилладаг улсын төв III эмнэлгийн ангиографын аппаратын гэмтлийг засварлахад шаардлагатай 453 сая 800 мянган төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

-  Хэнтий аймгийн Хэрлэн сумын 928 хүүхдийн суудалтай нэгдүгээр сургуулийн өргөтгөлд шаардагдах 350 сая 600 мянган төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш