logo
ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзалт хийлээ

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзалт хийлээ

2016/10/18

2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газрын 100 хоног энэ сарын 31-нд тохионо. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд аймаг орон нутаг, нийслэлийн зарим дүүрэгт ажиллаж шинэ Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн болон хийхээр төлөвлөж буй ажлын талаар иргэдэд танилцуулж буй юм.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нар өнөөдөр нийслэлийн Баянзүрх дүүрэгт ажиллаж, иргэдтэй уулзалт хийж асуултад хариуллаа. Мөн Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

2000 оноос хойш УИХ-ын таван удаагийн сонгууль болсон. Сонгуулийн үр дүн гарсны дараа хамгийн богино хугацаанд байгуулагдсан, мөн үйл ажиллагааны хөтөлбөрөө богино хугацаанд боловсруулан УИХ-аар батлуулсан Засгийн газар бол энэ Засгийн газар. Гэхдээ бид маш хүнд эдийн засагтай Засгийн газар хүлээж авсан. Тиймээс бид төсвийн сахилга бат, хариуцлагыг нэмэгдүүлэх, улс орноо нэгдсэн нэг төсөвтэй болгохоос ажлаа эхэлсэн гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хэлж байлаа.

Хөгжлийн банк, Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлыг шалгаж цэгцлэхээр ажлын хэсэг байгуулсан. Эрдэнэтийн асуудлыг УИХ-д танилцуулж, нээлттэй хэлэлцүүлнэ. Концессийн гэрээ, вексел, Чингис бондын зарцуулалт зэрэгт мөн хяналт тавих ажлын хэсэг байгуулж, шалгалт оруулна гэлээ.

Ахмад настан азай буурлууддаа “Насны хишиг” олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Нас ахих тусам насны хишиг нэмэгдэнэ. 70-79 настанд 100 мянга, 80-89 настанд 200 мянга, 90-ээс дээш настнуудад 300 мянган төгрөгийг жилд хоёр удаа олгохоор төсөвлөсөн. Эдийн засгаа сайжруулсны дараагаар энэ тэтгэмжийг улирал тутамд, мөн 65 наснаас нь энэ тэтгэмжид хамруулна. Энэ бол тэтгэврийн нэмэгдэл биш, хишиг юм гэдгийг хэллээ.

Нийт оюутны дөнгөж 30-40 хувь нь л хамрагдаж буй оюутны 70 мянган төгрөгийг 2016 онд бүтэн олгоод, ирэх оноос зогсоож, сургалтын төлбөрийн зээл олгохоор шийдвэрлэсэн.

Манай улсын 164 мянган оюутны 20 орчим хувь нь л сургалтын төлбөр төлөхөд асуудалгүй байдаг. 70-80 хувьд нь оюутны сургалтын төлбөр дарамт болж байгаа нь үнэн. Иймд их дээд, сургуульд суралцагч оюутны санхүүгийн дарамтыг бууруулахаар БСШУСЯ-ны дэргэдэх Сургалтын төрийн сангийн чиг үүргийг өргөжүүлж, Боловсролын зээлийн сан болгосон. Энэ сан оюутнуудад сургалтын төлбөрийн зээл олгоно. Мөн 18 хувьтай байгаа сургалтын төлбөрийн зээлийн хүүг 5 хувь болгоно. Гурав болон түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгоно. Энэ арга хэмжээг 2017 оноос хэрэгжүүлнэ гэлээ.

Хүүхдийн мөнгийг өмнөх жишгээр нийт хүүхдэд олгох зарчим хэвээрээ. 60 хувьд нь бэлнээр, үлдсэн 40 хувьд нь хоёр жилийн дараа хуримтлалаар бөөнд нь олгохоор түр зохицуулалт хийсэн. Энэ бол эдийн засгийн хүндрэлтэй энэ үед гаргаж болох шийдвэр гэж Ж.Мөнхбат сайд хэллээ.

Шинэ төрлийн татвар бий болгохгүй, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд 1,5 тэрбум төгрөгөөс бага жилийн орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгон бууруулна. Энэ асуудал иргэдээс дэмжлэг хүлээж байна. Мөн “Итгэлийн зээл” олгож, жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн аж ахуй, бичил бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлнэ.

 

Офшор дансны тухай хуулийн төслийг Засгийн газар боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Төсөлд, авлигын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх болон нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвших үедээ офшор бүсэд өөрийн нэр дээр банкинд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох тухай тусгасан байна гэдгийг хэлж байлаа. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн гүйцэтгэх захирал болон бусад удирдлагын нэг сарын цалин хөлс нь  5-10 сая төгрөг бол 30 хувь, 10-30 сая төгрөг бол 50 хувь, 30 сая  төгрөгөөс дээш бол 60 хувь бууруулсан зэрэг ажлын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга танилцуулж, иргэдийн асуултад хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш