logo

"Их бууны сум" хочит Жэки Чан

2016/10/20

Өдгөө 62 настай Холливудын тулаантай киноны од, алдарт жүжигчин Жэки Чаныг шүтэн биширэгчид дэлхийн өнцөг булан бүрт хэдэн саяар тоологдоно гэдэгтэй хэн ч маргахгүй. Алдарт жүжигчин тэрээр Хятадын иргэний дайны гал дүрэлзсэн 1954 оны дөрөвдүгээр сарын 7-нд Чарлес болон Ли Ли Чан нарын хүү болон мэндэлжээ.

Нэрт кино жүжигчин Жэки Чаны эхээс мэндлэхэд өгсөн нэр нь Чан Конг-Санг ажээ. Тэрээр Чан овогтой. Гэвч багадаа үргэлж энд тэнд үсэрч дэгдэн явдаг байсан тул түүнийг Pao-Pao буюу "Их бууны сум" хэмээн хочилдог байв. Жэки Чаны хүүхэд ахуйд гэр бүл нь тарчиг амьдралтай байсан гэж зарим эх сурвалжид мэдээлсэн байдаг.


Жэки Чаны хувийн амьдралаас...

2003 онд Жэки Чаны эцэг, эх Хонгконг аралд дүрвэн ирэхээс өмнө чухам хэн байсан талаарх нэгэн баримт байдаг. Энэ баримтад өгүүлснээр Жэки Чаны эцэг, эх угаас ядуу хүмүүс байгаагүй гэнэ. Эцэг Чарльз Чан Дэлхийн II дайны өмнө Хятадын Гоминданы засгийн газрын тагнуул, эх Ли Ли Чан Шанхайд жүжигчин байжээ. Гэвч 1949 онд Мао тэргүүтэй коммунистууд иргэний дайнд ялалт байгуулж, Хятадын засгийн эрхэнд гарахад тэд Английн эзэмшил нутаг Хонгконг руу дүрвэсэн гэдэг.

Харин Жэки Чан өнөөгийн нэр алдар, амжилтад хүрэхэд түүний язгууртан угсаатай эсэх нь огтоос чухал биш байсан юм. Хонгконгийн ядуу гэр бүлд өсөж торнисон хүү өөрийн хүч хөдөлмөрөөр л алдарт Холливууд хүртэл хөл тавьж чадсан билээ. Одоо түүнд дэлхий даяар дуурсах нэр алдар, эд баялаг бүгд бий.

1960 онд  түүний гэр бүлийнхэн Австрали руу цагаачилж, АНУ-ын Элчин сайдын яаманд тогоочоор ажилласан ба Жэки Чан "China Drama Academy"-д элсэн орж тулааны их мастер Ю Жим Юүний шавь болсноор амжилтын эхлэлээ тавьсан гэдэг. Тэрбээр таван настайдаа кино урлагт хөл тавьснаас хойш  нийт 150-аад кинонд дүрээ мөнхөлжээ. Энэ цагаас хойш тэрээр уйгагүй хөдөлмөрлөж хүн төрөлхтний хайртай жүжигчин, найруулагч, продюсер, тулаанч, кино зохиолч, бизнес эрхлэгч, дуучин болж чадсан байна.

Жэки Чан 1982 онд Тайванийн жүжигчин Лин Фэнг-Жиаотай гэрлэв.  Жэки Чан буддын шашинтай бөгөөд кантон, мандарин, англи хэлтэй. 16 нас хүртлээ боксоор хичээллэж, 2009 онд Камбожийн их сургуульд хүндэт докторын цол хамгаалсан байна.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш